УИХ-ын гишүүн П.Мөнхтулга "Жолоочийн албан журмын даатгалын тухай" асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Жолооны үнэмлэхтэй болон жолоодох эрхтэй бол албан журмын даатгал гэж төлдөг. Уг даатгалыг төлснөөр осол, гэмтэл гарвал даатгалаасаа нөхөн төлбөр авах журамтай. Хэрэв осол, гэмтэл гарсан тохиолдолд заавал цагдаа уг хэргийг гэрчлэж байж даатгалаас нөхөн олбор авдаг. Уг хэргийг шийдүүлэхийн тулд цагдааг хүлээх хэрэг гардаг. Энэ хооронд зам түгжирч, эмнэлэг, галын машин гээд 200-300 орчим машинтай зорчигч нар хүлээж зогсдог. Цагдаа нар үүнд шүүмжлэлтэй ханддаг. Учир нь хоёр машин мөргөлдсөн тохиолдолд түгжрэл бий болж хаана хаанаа бухимдал үүсдэг. Энэ асуудлыг шийдэхээр Жолоочийн албан журмыг даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Тодорхой хэлбэл, Жолоочийн албан журмын даатгалын тухай хуулийн 16.6 заалтад нэмэлт өөрчлөлт оруулахад гар утас, хар хайрцгаар гэрчлэх боломжтой. Заавал цагдаагаар гэрчилж, цагдаагийн газар очиж, зам түгжрүүлдгийг болимоор байна.
Зөрчил гаргасан тохиолдолд жолооч 100 мянган төгрөгөөр торгуулах, үнэмлэхийн оноо хасуулах эсвэл даатгалаас хохирлоо барагдуулах гэсэн хоёр л сонголттой нүүр тулдаг. Үүнийг ч гэсэн болих хэрэгтэй. Албан журмын тухай хууль хэрэгжиж эхлээд өдгөө 10 гаруй жил өнгөрчээ. Үүнээс хойш даатгалын компаниуд борооны мөөг шиг ихэссэн. Ер нь даатгалын компаниудыг гол "амьдуулж байгаа" нь энэ хууль юм. Тооцоо судалгааг харахад даатгалын компаниудад нэг их ачаалал байхгүй. Осол гардгаараа л гарна, даатгалын компаниуд өгдгөөрөө л өгөх ёстой. Гол нь дундын процесс л чирэгдүүлж байгаад гол асуудал байна. Тухайлбал, иргэдтэй даатгалын байгууллага гэрээ байгуулдаг ч дараа нь "Осол боллоо даатгалаа авъя" гэхээр ийм, цагдаагаас тодорхойлолт авчир, хэргийн газраас хөдөлсөн гэх мэт шалтгаанаар нөхөн олборыг удаадаг. Иймд энэ асуудлыг шийдэхийн тулд уг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хэрэв нөхөн төлбөр асуудалгүй болоод ирэхээр даатгуулагчдад таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна" хэмээн хэллээ.