Саарал хотоосоо гараад дөрвөн цаг гаруйхны дараа Азийн хамгийн өндөр хөгжилтэй орны зөөлөн хөрсөнд хөл тавив. Эх оронд минь цасан шуургатай, хүн, мал осгохдоо тулж, салхины хурд өндөр зааж ахуйд биднийг Японы чийглэг агаар, хаа нэг дусалсан бороотой үдэш угтсан юм. Хаврын “өвлөөс” тэнд очсон бид нь пөөнөгөр зузаан хувцаснуудаа ним¬гэлж, хэдийнээ Токиогийн залуус болсон нь гуравдугаар сарын 11. Ойжуулалт, мод тарих олон улсын эв нэгдлийн төслийн хүрээнд “Байгаль орчны сургалтын монгол, япон залуучуудын солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан манай хүүхэд, залуус өндөр хөгжилтэй орны ногоон технологи, инновац, дэвшилтэт техникүүдтэй танилцаж яваа нь энэ. Монгол дахь Японы Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг олон төсөл, хөтөлбөрийн нэг нь байгаль орчных. 21 аймаг, нийслэлээс сонгогдсон 30 оюутан, сурагч, хэвлэлийн хоёр төлөөлөл нийлсэн бидний 32 хүн “Байгаль орчны сургалтын монгол, япон залуучуудын солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хоёр дахь ээлжийнхэн аж. Тус чиглэлээр залуусыг жил бүр харилцан туршлага судлуулахаар манай хоёр улс тохиролцсон юм байна. Энэ удаагийн сургалт, аялалд Японы Элчин сайдын яамнаас нэг ч дарга, мэргэжилтэн биднийг дагаж яваагүй. “Нарита” нисэх буудалд хөтөч, орчуулагч хоёр тосож аван, долоо хоногийн турш биднийг дагалдаж, чиглүүлсэн. Гадаад, дотоодод ажлаар явахад яам, Тамгын газрын “хурган” дарга нараар дүүрэн томилолт нэртэй “зугаалгаас” энэ удаагийнх өөр байсанд олзуурхав. Юм үзэж, нүд тайлсан байдал нь ийм жижигхэн зүйлд ч анзаарагдах.
УЛАМЖЛАЛАА ХАМГААЛАХ УЧИРТАЙГ ҮЛГЭРЛЭХ “ХАМАРИКЮ”
Бидний туршлага судлах эхний аялал Токио хотын төвд, тэнгэр баганадсан өндөр барилгуудыг чимэн орших “Хамарикю” цэцэрлэг байлаа. Дэлхийн хөгжил саранд “тулсан” ч мод бутгүй, зүлэг ногоогүй, ус горхигүй л бол бетонон ширэнгээс ялгаагүй. Япончуудын эмээдэг зүйлийн нэг нь ч энэ. Тиймээс л атга газрыг ч арчилж тордон, усалж ургуулж, хайрлах аж. Угаас газар нутаг багатай, 377.9 мянган ам километр талбайд нь 125 сая орчим хүн аж төрдөг. Эх газраар хиллэдэг улс үгүй, Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтсон Дорнод Азийн орон шүү дээ. Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа ордог их гүрэн гэдгийг манай уншигчид надаар хэлүүлэхгүй мэдэх байх аа.
Самурайн түүхийг хадгалдаг “Хамарикю” цэцэрлэгийн үүдээр дөнгөж ормогц 300 жилийн настай аварга том нарс угтана. Өнгөц харвал багсран ургасан олон тооны нарс мод гэж ан дуурахаар авч ганцхан үндэснээс салаалсан мөчрүүд нь тийн үзэсгэлэнтэй харагддаг. “Аватар” киноны амин сүнс, Пандора гаргийн эх мод шиг гээд төсөөлчихөд болно. Түүнээс холдсон ч хөлд салаа үндэс нь гишгэгдсээр байх нь хайрламаар. Сумида голын хөвөөнд байрлах “Хамарикю” нь Японы 1603-1868 оны үеийн эртний уламжлал, түүх, соёлыг хадгалж үлджээ. Эдогийн үе хэмээх энэ эрин нь Токугава Шоогүний удмынхны засаглалыг гэрчилдэг. Тус цэцэрлэг нь тэд¬ний удам дамжин ирсэн хувийн эзэмшил, ан агнуурын газар, амралтын ордон нь байсан гэдгээрээ алдартай. Эдо нь одоогийн Токиогийн хуучин нэр бөгөөд тухайн үедээ ч дэлхийн хамгийн том хотуудын нэг байж. Ямар сайндаа л Эдогийн хөл хөдөлгөөнтэй хотын амьдралыг түүхэнд “хөвөгч ертөнц” хэмээн нэрийдэх вэ дээ. Эдогийн үед самурай нар морин тэргээр энэхүү цэцэрлэгт зугаалж, шонхроор ан хийдэг байсныг илтгэх эд өлгийн зүйл, агнуурын газруудыг ч бидэнд сонирхуулсан. Самурай нарын амьдарч байсан байшин, цөөрөм зэргийг тэр чигээр нь авч үлдэн, тохижуулсан нь хүмүүст байгаль, түүх, соёлоо аль ч цаг үед хамгаалан, тордох учиртайг сануулна.
Цаг хугацаа жамаараа урсан өнгөрч, “Хамарикю” ч Японы Эзэн хааны гэр бүлийн мэдэлд очжээ. Нэгэн үе “Хамарикю Эзэн хааны цэцэрлэг” хэмээн нэрийддэг байсан тухай хөтөч хэлнэ лээ. Харин Дэлхийн II дайны дараа цэцэрлэгийг Токио хотын захиргаанд ши묬жүүлэн, олон нийтэд нээлттэй үлдээсэн нь өдгөө жуулчдын хөлд дарагдах шалтгаан болсон байна. “Хамарикю” хүмүүст сэтгэл зүйн эмчилгээ, бясалгал болохуйц тийм анир чи¬мээгүй, амар амгаланг мэдрүүлсэн. Токиогийн тэхий дунд орших хэрнээ хотын дуу чимээнээс “хол”, амгалан дөлгөөхөн байдаг нь битүү мод бут, гишгэхээс ч хайран зүлэг ногоотой нь холбоотой. Нийт 250 165 ам метр талбайтай, 6000 гаруй модтой. Тэдний олонх нь нарс, мөнх ногоон шинж чанар нь япончуудыг ийн шүтэхэд хүргэсэн гэнэ. Цэцэрлэгийн зүлэг ногоо, мод бутыг ердөө тавхан хүн л өдөр бүр арчилж, засаж тайрдаг юм билээ.
5900 ӨРХИЙН БҮТЭН ЖИЛ ХЭРЭГЛЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НАРНААС ӨДӨРТ НЬ “ХУРААДАГ”
Япон Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлж, түүндээ хүрэхийн тулд сэргээгдэх олон төрлийн эрчим хүчийг ашиглаж байна. Үүний нэг нь Кавасакигийн нарны мега цахилгаан станц юм. Тус станц нь Укишима болон Огишима орчимд суурилуулсан нарны хавтангуудаас бүрдэх бөгөөд 20 000 кВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. 2018 оны наймдугаар сард Кавасаки хот болон Токиогийн эрчим хүчний тэргүүлэгч компаниудын хамтран эхлүүлсэн энэ төслийн үр дүнд өдгөө 5900 орчим айлын жилийн дундаж хэрэглээтэй дүйх хэмжээний эрчим хүчийг өдөрт нь нарнаас “хурааж” байна Нарны 38 000 хавтанг нийт 11 га газар суу¬рилуулсан нь хөлбөмбөгийн 14 талбайтай тэн¬цэхүйц хэмжээ гэдгийг тайлбарлагч нь хэлсэн. Хавтангуудыг өмнө зүгт харуулан 10 хэмийн налуу суурилуулсан нь бороотой үед өөрөө өөрийгөө цэвэрлэж, хог шороог урсгах зориулалттай тул хүний хөдөлмөр шаарддаггүй. Гэсэн ч үзлэг, шалгалт байнга хийж, хэвийн ажиллагааг хангадаг аж. Тухайн өдөрт хуримтлуулсан найман сая орчим кВт эрчим хүчээ газар доогуурх цахилгаан дамжуулах хоолойнуудаар түгээж ойролцоох нефть боловсруулах үйлдвэрүүд, айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдийг хангаж байна.
Хавасакид угтаа нарны эрчим хүч л үйлдвэрлэж буй мэт харагдавч энд эко амьдралыг утгаар нь цогцлоож, ирээдүйн музейгээ хүртэл байгуулсан. Хог шатаах иж бүрэн үйлдвэр ажиллуулж, түүнээсээ ч эрчим хүч гарган авдаг. Ангилж ялгасан, дахин боловсруулсан хог хаягдлуудаараа бэлэн хувцас, ахуйн бараа, хичээлийн хэрэглэл, хүүхдийн тоглоом хүртэл үйлдвэрлэж байх юм. “Kawasaki eco gurashi Miraikan”-д байгаль орчинд ээлгүй ширхэг ч зүйл үгүй. Хог хаягдлыг боловсруулах, нарны энерги хуримтлуулах сайн туршлагуудаа музейн хэлбэрээр жуулчдад, хүүхэд, залууст ийн нээлттэй хуваалцдаг. Үүнээс япончууд байгаль орчинтойгоо хэрхэн зохицон амьдардгийг, зорилгоо яаж бодит ажил болгодог нь тод харагдана. Их наран улсын иргэд нүүрсхүчлийн хий, хорт утаа ялгаруулахгүйгээр хэрхэн нарны энергийг үйлдвэрлэж, эрчим хүч болгож буйг бид Хавасаки дахь мега төслөөс нь мэдсэн. Гэтэл тэдний сэтгэл ингээд “ханахгүй”. Нар, салхины үүсгүүрүүд сул талтайг нь мэдчихээд байгалийн бусад эх үүсвэрээс эрчим хүч, энерги үйлдвэрлэх эрэлд олон жил “хатжээ”.
Салхигүй үед сэнснүүд энерги үүсгэхгүй, хавтангууд наргүй, эсвэл бороотойд, мөн шөнийн цагаар цахилгаан хуримтлуулж чадахгүй байгаа нь япончуудад “зовлон” болоод байсан тул уг асуудлыг бараг шийдчихсэн. Тэр нь устөрөгч юм. Музейгээр аялахад ихэнхдээ л олон янзын үзмэр үздэг шүү дээ. Тэгвэл Токиогийн устөрөгчийн музей үүнээс арай өөр. Сэргээгдэх эрчим хүч гарган авна гэдэг энгийн нэг уриа лоозон төдий зүйл биш гэдгийг эндээс харж болно. Музейг Токио хотын байгаль орчны болон олон нийтийн эрхийг хамгаалах байгууллагынхан хариуцдаг. Устөрөгчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, мэдээллийг бүх л насныханд хүргэх зорилгоор 2016 онд эл музейг нээжээ. Эндээс Токио хот устөрөгчийн ямар нийгмийг бүтээхийг зорьж байгаа нь хачирхалтай харагдана. Музейн тайлбарлагч Миа Чи “Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт нь өнөө цагт хүн төрөлхтний маш том тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Түүнээс сэргийлэх, аврах арга замуудын нэг нь устөрөгч юм. Япон бол дэлхийд хамгийн их цахилгаан энерги ашигладаг хот. Тиймээс олон эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхэд манай улс гол бодлогоо чиглүүлж байна.
Нүүрсхүчлийн хий ялгаруулахыг 2050 онд бүрмөсөн таслан зогсоох зорилт тавьсан. Манай улс нарны үүсгүүрээс цахилгаан үйлдвэрлэдгээрээ дэлхийд гуравдугаарт ордог ч бид хуримтлуулсан эрчим хүчээ хадгалах технологийг хараахан олж чадаагүй байгаа нь асуудал юм. Ингээд олон жилийн судалгаа, шин¬жилгээний үр дүнд устөрөгчөөс эрчим хүч, энерги гарган авах технологи боловсруулсан. Устөрөгч бол хийн төлөвт, хамгийн хөнгөн элемент бөгөөд үнэр, амт, өнгөгүй. Хасах 253 хэм хүртэл хөргөвөл шингэн болгох бололцоотой, байгальд хамгийн элбэг байдаг гэдгээрээ давуу талтай, шавхагдашгүй нөөц юм” гэв. Түлш, шатахуунаар ажилладаг бүх тээврийн хэрэгсэл нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Тэгвэл тус улсын үндэстэн дамнасан корпорац болох “Тоёота моторс”-ынхон улс орныхоо бодлогыг дэмжиж, энэхүү шинэ технологидоо тулгуурлан дэлхийн анхны устөрөгч хөдөлгүүрт автомашинуудаа үйлдвэрлэж, зах зээлд хэдийн нэвтрүүлжээ.
Устөрөгчөөр ажилладаг тээврийн хэрэгслийн яндангаас зөвхөн ус л ялгардаг байна. Уух хэмжээнд биш ч цэвэр ус ялгардаг гэдгийг дээрх музейд туршиж үзүүлнэ лээ. “Тоёота моторс”-ын “Ирээдүй” хэмээх суудлын автомашин нь Токиод 8000 ширхэг борлуулагдсан бөгөөд өдгөө замын хөдөлгөөнд хэвийн оролцож байгааг албаны хүмүүс нь хэлсэн. Мөн хотын хэмжээнд H2 тэмдэглэгээтэй шугамын 100 автобусыг үйлчилгээнд явуулж буй аж. “Tatsuna”, “Neorise” хоёр компани нь устөрөгчийн клонкийг Токиод 20, Ай Чи мужид 130-ийг байгуулж өгчээ. Устөрөгч, шатахууныг харьцуулах нэгж нь өөр ч үнэ өртөг нь бараг ойролцоо гэнэ. Таван килограмм устөрөгчөөр суудлын автомашины банк дүүрэх бөгөөд түүгээрээ 850 орчим километр явдаг байна. Японы хэмжээнд бүх тээврийн хэрэгслийг устөрөгчийн энергиэр ажиллуулах боломж ийнхүү бүрдсэн ч автомашинуудын явах эд ангийг бүрэн солих, эсвэл ийм загварын шинэ машин худалдан авахад одоогоор үнэ өртөг нь өндөр тусаж байгаа тул зардлыг бууруултал ийнхүү бага багаар урагшилж байгаа нь энэ. Удахгүй ачаа тээврийн үйлчилгээнд устөрөгчийг ашиглах зорилт тавьжээ. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн цахилгааныг ч устөрөгчөөр хангадаг болох нь. Энэ мэт тэдний хөгжил дэлхийгээс ч тасраад эхэлчхэж. Гэхдээ япончууд хэзээ ч бид Азийн хамгийн өндөр хөгжилтэй орон, эдийн засгаараа дэлхийд гуравт ордог том гүрэн хэмээн цээжээ дэлддэггүй. Тэнд хүн бүр яг л шоргоолж шиг өдөр, шөнөгүй хөдөлмөрлөдөг. 12 сая хүнтэй Токиод ажлын цагаар үзвэр, үйлчилгээний газруудаас бусад гудамж, талбай, зам нь бараг л хүнгүй. Өнөөх олон сая хүн нь хаана байгаа юм бэ гэж гайхтал шаргуу ажилладаг ард түмэн аж. Харин бид ажлын цагаараа авто зам дээрээ л түгжирч суудаг. Тэдний эртэч, ажлыг халтуурддаггүй чин сэтгэлээсээ хийдэг зан чанараас нь суралцмаар л санагдсан.
Монгол, Япон хоёр улс нь “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 оны арваннэгдүгээр сард байгуулсан билээ. Үүний хүрээнд талууд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь хүн гэдэгт санал нэгдэж, хамтын ажиллагааг энэ чиглэлд үргэлжлүүлэн хөгжүүлэх, ялангуяа хоёр орны ирээдүй хойч болсон залуусын харилцан туршлага солилцоог гүнзгийрүүлнэ гэж амласан нь ийнхүү эхнээсээ ажил хэрэг болсонд хөтөлбөрт оролцогч хүүхэд, залуус баяртай байлаа. Энэ удаагийн хөтөлбөрөөр монгол залуус байгаль орчноо хамгаалах болон гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, мод бут тарих, арчлах, ургуулах, хүрээлэнд ээлтэй техник, технологи нэвтрүүлэх чиглэлийн туршлага судлан, боломжтойг нь хэрэгжүүлэх дэврүүн хүсэлтэйгээр эх орондоо ирцгээсэн юм.
Өнөө жилийн байгаль орчны сургалтын солилцооны хөтөлбөрт Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, МУИС, ХААИС-ийн оюутнууд хамрагдав. Тэд аймаг, сум, дүүргийнхээ ногоон хөгжил, байгаль хамгаалах үйлсэд өөрсдийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулж яваа, сургууль, анги, хамт олноо ийм ажилд уриалан дууддаг, манлайлагчид аж. Бидний 32 хүн гуравдугаар сарын 11-18-нд Японд зочлохдоо сакурагийн зулзган төгөл байгуулсан нь оролцогчдод тус улсыг дахин зорьж, тарьсан модоо эргэх шалтгаантай болгочхов уу даа гэж эрхгүй бодов. Энэ мэт япончууд гадаадынхныг татаж, аялал жуулчлалаа хөгжүүлэхээ их сайн мэднэ.