Цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Ч.Сарантуяагаас ойрын өдрүүд болон ирэх сард цаг агаар ямар байх талаар тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд төвийн болон зүүн бүс, говийн хойд болон зүүн хэсгээр түр зуурын бороотой, сэрүүвтэр байна. Энэ сарын 27-ноос нийт нутгаар дулаарч, 29- 30-нд говийн нутгаар 30 хэм давж хална.
Долдугаар сарын 30, 31-нд баруун болон төвийн аймгуудад дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө ширүүсэх магадлал өндөр байна.
-Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарсан уу?
-Наймдугаар сард нийт нутгаар уур амьсгалын дундаж хэмжээнээс бага зэрэг дулаан байна. Говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бага зэрэг бороо орох бол баруун аймгуудын хойд хэсгээр нэлээд бороотой. Тухайлбал, наймдугаар сард уур амьсгалын дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн нутгаар хур бороо ихтэй байх нь.
Бороо ихтэй байх учраас сэрүүн болж, уулархаг нутгаар хасах хэмд хүрнэ. Нийт нутгийн зүүн хагаст бороо багатай. Наймдугаар сарын эхэн үед нутгийн баруун хэсгээр, дунд үед зүүн хагаст сэрүүснэ. Бусад хугацаанд харьцангуй дулаарч, агаарын хэм тогтвортой байна.
-Зарим аймагт саяхан мөндөр орсон. Мөндөр орох нь байгалийн аюултай үзэгдэлд тооцогддог. Аюултай эсэхийг нь хэрхэн тогтоодог юм бэ?
-Аюултай эсэхийг голчоор нь хэмждэг. Тухайлбал, голч нь 10 мм байвал аюултай үзэгдэл, 10 мм-ээс дээш бол онц аюултай гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үздэг. Мөндрийн төлөвийг урьдчилан мэдэж болдоггүй. 24 цаг, дээд тал нь 48 цагийн өмнө мөндрийн төлөв мэдэгдэх магадлалтай.
Уржигдар Өвөрхангайн Хайрхандулаан, өчигдөр Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд мөндөр орсон. Мөндрийн хоёр тохиолдол 10 мм-ээс доош голчтой буюу байгалийн аюултай үзэгдлийн хэмжээнд байсан.