Монгол орны зуншлагын төлөв байдын талаар мэдээлэл хийхээр ХХААГ-аас зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан дүн мэдээг авч нэгтгэн хэрэгжилтийн талаар тайлагналаа. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 30,8 мянган тн өвс, 11.7 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн. Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрхөд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Аймгуудаас ирүүлсэн мэдээгээр хадлан хадах боломжтой газар их хомс байна.
Урьдны жилүүдэд 1,5-2 сая мал өөр аймагт оторлодог байсан бол энэ жил олон жилийн дунджаас дөрөв дахин их буюу 9,2 сая мал отроор өвөлжинө. Одоогийн байдлаар 13 аймгийн 80 гаруй суманд малын гоц халдварт өвчин шүлхий, цэцэг, мялзан, олон улсын худалдааны хорио цээрт өвчин гарсан. 13 аймгийн 164 суманд гоц халдварт өвчин гараагүй боловч энэ бүс нутагт зуншлагын байдал муу байна.
Мөн Отор нүүдлийн чиглэл зүүн тал руугаа Сүхбаатар, Дорнод руу гарчихсан байтал энэ бүс нутаг нь өөрөө гоц халдварт өвчний голомттой бүс юм. Гэтэл тус аймгаас Завхан руу өвчтэй мал шилжүүлснээс болоод зөвхөн нэг өрхөд 8,5 сая төгрөгний хохирол гарч тухайн мал шилжүүлсэн иргэн тус хохирлын төлбөр төлж байгаа.
Өнөөдөр отроор явж байгаа малчин хүн бүр малын эрүүл мэндийн дэвтэртэйгээ явах ёстой. Вакцинжуулалтад хамрагдахаас сэргийлсэн иргэний мал өвчилж халдвар тараасан тохиолдолд улсаас нөхөн олговор олгохгүй бөгөөд иргэн өөрөө бүх хариуцлагыг хүлээх болно. Отор нүүдэл хийх тохиолдолд өөрийн харьяа сумд хүсэлт гаргаж аймаг сумын удирдлага өөр аймагтай гэрээ байгуулна. Оторлох малыг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулаад дагалдах бичигтэй эрүүл малтай гэсэн албан бичгийг гаргуулна. Хоёдугаарт, хүлээн авч байгаа сум орон нутгийхан энэ бичгийг заавал хянаж шалгах ёстой.
Өөр аймгийн нутагт өвөлжих магадлалтай 2921 өрхийн 1,1 сая, бусад сумдын нутагт өвөлжих магадлалтай 9225 өрхийн 3,6 сая, сум дундын отрын бүс нутагт 490 өрхийн 369 мянган, аймаг дундын отрын бүс нутагт 1151 өрхийн 843.0 мянга, хилийн зурвас газарт 3104 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4502 өрхийн 2.1 сая, нийт 21399 өрхийн 9.2 сая мал отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 36.0 мянган тн сүрэл, 23.0 мянган тн ногоон тэжээл, 48.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 71.0 мянган тн гар тэжээл, 9.0 мянган тн дарш, 141.9 мянган тн давс, хужир бэлтгэнэ.