Монгол орны хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс дээш 552 метрт оршдог Хөх нуур. Энэ нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт, 21 ам км талбай эзлэн оршдог, дунджаар долоон метр гүн, тал нутгийн томоохон давстай нуур бөгөөд сүүлийн жилүүдэд нэлээд бохирдож, багасах болжээ. Тиймээс Онон, Улз голын сав газрын захиргааныхан доторх хаягдлыг нь шат дараатай цэвэрлэж эхэлсэн байна. Энэ талаар тус захиргааны дарга Б.Баяртогтохоос тодруулахад:
-Хөх нуурын усанд замбараагүй хаясан загасны тор олон байна. Бид томоохон хэмжээний 40 тор гаргаж, шатаан устгалаа. Олон жил нуурын ёроолд байвал загас, шувуу орооцолдож үхэх, улмаар ялзарч муудан усыг бохирдуулах шалтгаан болно. Хөх нуур нь Цээлийн голоор дамжин Улзаас тэжээгддэг. Гэтэл сүүлийн жилүүдэд Цээлийн гол ширгэж, түүнийг дагаад Хөх нуур нэлээд багасаж, эрдэсжилт нь ихэссэн.
Түүнчлэн загас агнуур, нуурын эргэн тойрон малтай айл олон байдаг зэрэг шалтгаанаар бохирдож байгаа тул арга хэмжээ авахаас өөр аргагүй. Ирэх есдүгээр сараас Дорнод аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нэлээд томоохон цэвэрлэгээ явуулахаар төлөвлөсөн. Энэ удаагийн ажил сав газрын хэмжээнийх юм.
-Нуурын экосистемийг судалж байгаа гэж өмнө нь мэдээлсэн. Эцсийн дүн гарсан уу?
-Дорнод аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлын санхүүжилтээр мэргэжлийн байгууллага, эрдэмтэд судалгаа хийж байгаа. Эхний шатны судалгаа зургадугаар сард дууссан, хоёр дахь нь ирэх сард эхэлнэ. Хөх нууранд шаамий гэх үл мэдэгдэх шавьж сүүлийн жилүүдэд олширсон. Энэ шавьж ямар хор уршигтай, эсвэл давуу талтай, загаснуудад нөлөөлдөг, эсэх, хэр их нөөцтэй зэргийг судалгааны үр дүнд тодорхойлно. Мөн нуур ямар бодисоор хэр их бохирдсон нь тодорхой болно.