Сэлэнгэ аймгийн Ерөө сум, тэр дундаа тус сумын III баг, Бугант тосгон бүхэлдээ нинжа нарын суурин, хууль бусаар алт олборлогчдын үүр уурхай болсон гэж нутгийн иргэд ярьж байна. Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан хамгийн сүүлд буюу зургадугаар сарын сүүлчээр Ерөө гол дагуух алтны 19 компанийг шалгахад дөрөв нь л зөвшөөрөлтэй байж. Хууль бусаар алт олборлож байсан тэдгээр компанийн бүгдийнх нь техник хэрэгслийг лацдан, үйл ажиллагааг нь зогсоосон талаар сумын удирдлага тухайн үед мэдээлж, үүнд хяналт тавих ёстой холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн. БОАЖЯ-наас ч тус аймгийн БОАЖГ, МХГ, цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлж, хамтарсан шалгалт хийх санал хүргүүлсэн ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор энэ ажил цалгардсан юм. Тэгвэл биднийг сонгууль, наадам гэж бужигнаж байх зуурт хэсэг бүлэг хүн Ерөө голын сав газарт үүрлэн, голдирол дагуу хүнд машин механизм ажиллуулж байжээ.
“Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг унтраалцахаар явахдаа буюу уржигдар тэдний хууль бус үйлдлийн талаар цахим хуудсаараа түгээх хүртэл олон нийт энэ талаар мэдээлэлгүй байсан юм. Тус хөдөлгөөнийхнийг очиход хэдэн иргэн ой дотор экскаватор ажиллуулан, Ерөө голын эргээс холгүй алт олборлож байжээ. Ойр орчмыг нь машин явах аргагүй, энхэл донхол болтол нь ухаж, сэндийчсэн байсан гэнэ. Хараа, Ерөө голын сав газрын захиргааны дарга Ө.Ариунбаатараас энэ талаар тодруулахад “Зөрчилтэй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоолоо ч гар аргаар алт олборлогчид хүчрэгдэхгүй нь. Өөр аймаг, сумаас ирсэн хүн ч цөөнгүй байна. Ялангуяа иргэд нөхөрлөл байгуулах нэрийдлээр нэгдэн, хууль бусаар алт олборлож, байгаль сүйтгэх болж. Бид зургадугаар сарын сүүлчээр Хараа, Ерөө, Сөгнөгөрийн, наадмаас хойш Бүдүүн, Шоргоолж, Хүйтний гол дагуух газрыг шалгалаа. Үйл ажиллагааг нь зогсоочихоод өөр газар руу шалгалтаар явах хооронд л ажиллаад эхэлчихдэг” гэж ярилаа. Тэдний хэлж буйгаар Бугант тосгоны Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид наадмын өмнөхөн хуралдаж, хууль бусаар алт олборлогчидтой тэмцэх ажлын хэсэг байгуулсан гэх. Тэдэнтэй холбогдоход “Ямар ч зөвшөөрөлгүйгээр экскаватор, усан буу ажиллуулж, алт олборлодог зөрчил олон бий. Одоогоор зургаан нөхөрлөлийн техник хэрэгслийг лацдан, шаардлага хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй компани бол түүнийг нь цуцалж, техник хэрэгслийг нь хураах сан. Бид тийм эрхгүй болохоор лацдаад орхидог. Удалгүй дахиад л ухаад эхэлдэг юм” гэв.
Харин БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар “Хууль бусаар олборлолт явуулж байгаа компани, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагыг Сэлэнгэ аймгийн болон Бугант тосгоны цагдаагийн байгууллагад хүргүүлсэн” гэж ярив. Мөн Ховд аймгийн Булган сумын Доод нарийн гэдэг газар, Булган голын эх орчимд уул уурхайн компани нөхөн сэргээлт хийх нэрийдлээр саяхнаас алт олборлож, эхэлсэн байна. Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дамнан урсдаг, минж хамгаалах, үржүүлэх биологийн нөөц газарт тооцогддог тус гол нь уул уурхайн нөлөөнд харьцангуй бага өртсөн. Тиймээс нутгийн иргэд “Минжит” Булганаа хамгаалахаар БОАЖЯ-нд хандаад буй гэнэ.