Нэн ховор монгол бөхөн өнгөрсөн хавар бог малын мялзангаар өвчилж, олноороо хорогдсон. Тандалт судалгааг эрчимжүүлж, дараа дараачийн болзошгүй тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх, уг амьтныг хамгаалах арга хэмжээ төлөвлөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж буй. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Говь-Алтай, Ховд аймгийн Мал эмнэлгийн газар болон Бөхөн хамгаалах багийнхан хамтран уг амьтны тоо толгой, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлохоор ажиллаж байна. Үүний хүрээнд бөхөнгөөс цусны сорьц авч шинжлүүлснээс гадна 10 орчимд нь сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, ажиглажээ. Судалгааны үр дүн хараахан гараагүй ч амьд үлдсэн бөхөнгүүдээс эхний ээлжинд мялзангийн вирус илэрч буйг тогтоосон байна. Тиймээс мялзанг тэсвэрлэж, дархлаатай болсон нь амьд үлдсэн гэж урьдчилан таамаглахад хүрчээ.
2016 оны тооллогоор 10.908 бөхөн бүртгэгдсэн ч өвчний улмаас үрэгдсээр 4900-д хүрч, 60 хувиар цөөрснийг өнгөрсөн гуравдугаар сард хийсэн судалгаагаар тогтоосон юм. Дулааны улирал эхэлснээс хойш бөхөн үхэж хорогдох нь эрс багассан гэж мэргэжлийн байгууллага, орон нутгийн холбогдох албаныхан мэдээлж байна. Хэдийгээр мялзан өвчний дэгдэлт саарсан ч зуншлага тааруу учраас байгаль, цаг уурын нөхцөл популяцад нь сөргөөр нөлөөлөх, эсвэл уг амьтан цусан суулгаар өвчилж болзошгүй гэнэ. Эдгээрийг талууд нарийвчлан судлаад, энэ сарын сүүлчээр нэгдсэн дүн мэдээллээ гаргах юм байна.