Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын Шинжлэх ухааны зөвлөлийн хурал өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 14-нд ХБНГУ-ын Бонн хотод болж, дэлхийд ховордож буй, зайлшгүй хамгаалах шаардлагатай 34 төрлийн амьтныг эл конвенцод бүртгэхээр шийдсэнээс дөрвийг нь манай улсын судлаач санал болгожээ. Шувуу, загас, хөхтөн судлалаар мэргэшсэн дэлхийн шилдэг эрдэмтдийн төлөөлөл чуулсан эл хуралд Монголоос ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Лхагвасүрэн оролцож, мазаалай, тахь, тоодог, хээрийн бүргэдийг зайлшгүй хамгаалах шаардлагатай гэсэн санал дэвшүүлснийг Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дэмжсэн байна. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын Талуудын бага хурлын 12 дугаар чуулган ирэх аравдугаар сард Филиппиний нийслэл Манилад болох үеэр эл шийдвэрийг баталгаажуулж, хүчин төгөлдөр болгох аж. Үүнд 123 улсын төлөөлөл оролцох гэнэ.
Нутаг дэвсгэртээ буй, дайран өнгөрдөг амьтдыг хулгайн ан, идэш тэжээлийн хомсдол, нүүдлийн замгүй болох эрсдэлээс сэргийлэх үүргийг гишүүн орнууддаа хүлээлгэдэг эл конвенцод манай улс 1999 онд нэгджээ. Дээрх амьтдыг уг конвенцод бүртгүүлснээр тэдгээрийг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тухайн амьтдыг хамгаалахын төлөө талууд нэгдэнэ гэсэн үг. Дашрамд дуулгахад, Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын Шинжлэх ухааны зөвлөлийн хуралдаанаар судлаачид амьтдад тулгамдаж буй гол асуудал болох хулгайн ан, далайн аялал жуулчлал, мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ, хотжилт, уул уурхай гэсэн сэдвийг онцлон хэлэлцжээ.