Хэн нэгний алдаа дутагдал, буруу үйлдлийг үзсэн ч үзээгүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй аятай өнгөрөөх нь тэднийг дэмжин, толгойг нь илж буйгаас ялгаагүй. Гэмийг нь өнгөлөн далдалж, өөгшүүлж байна л гэсэн үг. Манай улсын Засгийн газар, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан яг ийм байдлаар уул уурхайнханд найр тавьсаар өдий хүрлээ.
Уул уурхайн компаниудын байгаль орчинд учруулдаг хор хөнөөл зөвхөн газрын хөрс ухаж, сэндийчихээр хязгаарлагдахгүй. Тэд ойн нөөцөөс хумсалж, гол, горхины ус бохирдуулан, амийг нь тасалдаг. Тэр дундаа амьдралыг тэжээн тэтгэгч эх ундарга, чандмань эрдэнэ хэмээн бидний хайрладаг усны нөөцөд хамгийн хайр гамгүй, халтай нь тэд. “Уул уурхайнхны балгаар тэндхийн гол, горхи ширгэж байна. Тийм компани голын голдирлоос алт олборлон, бохирын далангаа сэтэлж, гол руу нийлүүлдэг байжээ” гэх мэдээ сүүлийн үед байсхийгээд л дуулдах болов. Бүр хөхөө өвлийн хүйтнээр голын мөс хуулж, алт олборлохдоо хүрлээ. Саяхан буюу өнгөрсөн өвөл ийм хэрэг хоёр ч удаа гарсан. Хамгийн жигтэй нь тэдгээр компанийн нэг нь ч голын ус бохирдуулсныхаа төлөө хариуцлага хүлээдэггүй. Хүлээх ч ёсгүй юм шиг аягладаг. Тэдний энэ үйлдэлд хариуцлага тооцох тогтолцоо, эрх зүйн зохицуулалт манай улсад алга байна.
Уг нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль манайд бий. Ийм хуультай болно, батална гэж олон жил ярьсны эцэст 2012 онд ажил хэрэг болгосон. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, түүнийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн энэ хуульд бохирдуулагч бодисыг тав ангилсан байдаг. Ингэхдээ хаягдал усны эзлэхүүн, бохирдуулах бодисын агууламж зэргийг харгалзан төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоож, тооцоолох аргачлалыг маш тодорхой тусгажээ. Бусад хуультай харьцуулахад энэ нь оновчтой, бодитой судалгаанд тулгуурласан гэдгийг АМГТГ-ын мэргэжилтэн Г.Энхжаргал онцоллоо. Харамсалтай нь, эл хууль журамгүй гэх шалтгаанаар хэрэгжилгүй таван жилийн нүүр үзэв. Журам бол аливаа хуулийг хэрхэн хэрэгжүүлж, дагаж мөрдүүлэх тухай баримт бичиг юм. Уул уурхайнхны хэллэгээр бол хуулийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл гэсэн үг. Журамгүй хууль бол толгойгүй хүнтэй адил. Тэгэхээр манай Засгийн газар цаасан дээр л хэрэгждэг, зэрэмдэг хууль баталсан болж таарах нь. Төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд ч үүнээс болоод уул уурхайнхны үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй, дөнгөлүүлдэг бололтой.
Нэг баримт дурдъя. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хэдэн компани Ерөө голын голдирлоос алт олборлож, бохироо голын ус руу нийлүүлж байсныг орон нутгийн удирдлага өнгөрсөн сард шалгалтаар илрүүлжээ. Тэдэнд ямар арга хэмжээ авсан талаар сумын удирдлагаас тодруулахад “Техник хэрэгслийг нь хурааж, үйл ажиллагааг нь зогсоосон” гэв. Алтанд шунаж, голын “амь” таслахаар улайрч буй уул уурхайнханд оноосон шийтгэл нь ердөө энэ. Цөөн тохиолдолд л уул уурхайн компаниудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зохих шийтгэл хүлээлгэдэг гэнэ. Уг нь “Танай компани энэ төрлийн бодисоор, ийм хэмжээний ус бохирдуулсан тул төдөн төгрөгийн төлбөр өгнө үү” гээд торгож, журамлах учиртай. Даанч тэгж хэлэх, шаардах эрх, нөхцөл одоохондоо бидний хэнд нь ч алга.
Гол мөрний усыг зөвхөн уул уурхайн компани бохирдуулдаг юм биш. Гэвч тэдний балгаар хүн, мал ундаалах аргагүй болтлоо бохирдсон, урсац нь багассан, ширгэсэн олон гол, горхи бий учраас ийн онцолж байгаа юм. Уул уурхайнхны нөлөөнд автсан голуудыг нэрлэвэл Орхон, Туул, Хараа, Ерөө, Хүдэр, Онон гээд уртаас урт жагсаалт хөвөрнө. УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрынхны хэлж буйгаар Монголд уул уурхайн компанийн нөлөөнд өртсөн 120-иод гол, горхи бий бөгөөд үүний 40 гаруй хувийг нь нөхөн сэргээх боломжгүй гэсэн харамсалтай дүгнэлт гарчээ.
Манай улс жилд дунджаар 450500 сая шоо метр ус ашигладгаас уул уурхайнхан 100-150 гаруй сая шоо метрийг нь “залгичихдаг” гэнэ. Гэтэл тэд усыг зүй зохистой хэрэглэж байна уу, үгүй юү гэдгийг хянаж, гол бохирдож, ширгэхээс сэргийлэхэд чухал үүрэгтэй ганц хууль нь журамгүй, амьгүй хэвээр. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн журмыг батлахгүй дахиад хэдэн жил болоход хэчнээн гол, горхи амь тавьж, иргэд ундны усны эх үүсвэрээсээ хагацахыг тооцоолоход бэрх.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн журмыг батлуулах саналыг БОАЖЯ-ныхан өнгөрсөн хугацаанд Засгийн газарт дөрвөн удаа хүргүүлсэн ч аж ахуйн нэгж, байгууллагуудад эдийн засгийн дарамт учруулна гэсэн үндэслэлээр хойшлуулсан гэх. Ингээд өнгөрсөн хавраас холбогдох мэргэжилтнүүд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалж, хуулийн төсөл боловсруулж буйгаа дуулгасан. Үүнийгээ хаврын чуулганаар амжиж хэлэлцүүлж, журам батлуулах ажлыг шавдуулахаа мэдэгдэж байв. Эл хууль одоо л хэрэгжиж эхлэх нь гэсэн найдвар, горьдлого, хүлээлт дахин бий болсон. Гэтэл дахиад л саатсаныг БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган онцоллоо. Шалтгааныг нь түүнээс тодруулахад “Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор түр хугацаанд хойшлуулсан. Аль болох түргэн батлуулахыг зорьж байгаа” гэсэн юм. Манай Засгийн газар зэрэмдэг хуулиа хэзээ “толгой”-той болгох нь тодорхойгүй байна.