Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хувьсал, жигтэй үзэгдэлд хүн төрөлхтөн ээрүүлж байна. Үер, хуурайшилт, газар хөдлөлт, түймэр, хар салхи гээд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, нөлөө урьдынхаасаа хэд дахин ихсэж, үүний горыг бид алхам тутамдаа амсах болов. Биднээс хол, ертөнцийн хязгаарт л болдог мэт санадаг байсан үзэгдлүүд ч нүдний өмнө өрнөж, сандаргах нь түгшүүртэй. Гэтэл энэ олон аюулын цаана үүнээс ч хал гаатай гамшиг чимээгүйхэн, зугуухан үргэлжилж байна. Үүний бэлээхэн жишээ нь, мөнх цаст уулс хучлагаасаа хагацаж, мөсөн голууд эрчимтэй хайлж буй явдал юм.
Энэ үзэгдэл зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд асар хурдтай өрнөж байгаа нь эрдэмтэн, судлаачдын санааг чилээх болсон. Тухайлбал, Альп, Гринланд, Гималайн нурууны мөнх цаст уулсын цэвдэг сүүлийн таван жилд 25-32 хувиар багассан бөгөөд дэлхий даяар 130 гаруй мянган ууланд ийм үзэгдэл болж, мөсөн гол нь хайлах аюулд өртжээ. Тэгвэл манай орны хамгийн олон (240 гаруй) мөсөн голтой гэгддэг Монгол Алтайн нуруунд ч цэвдэг гэсэх үзэгдэл эрчтэй үргэлжилж байгаагаас томоохон мөсөн голууд мөхөхөд хүрээд буйг мэргэжлийн байгууллагынхан судлан тогтоожээ.
Оросын эрдэмтэн Н.Т.Кузнецов 1970-аад оны үед Монгол Алтайн нуруунд 130 мөсөн гол бий бөгөөд тэдгээр нь 350 ам км талбай эзэлдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Мон голын газарзүйч, эрдэмтэн Ж.Цэрэн содном хожим дахин судалж, эл нуруун дахь мөсөн голын тоог 240-д хүргэж, талбайг нь 702 ам км хэмээн тодорхойлсныг эрдэмтэд хамгийн бодитой баримт гэж үзэж, эх сурвалжаа болгодог аж. Харин Цаг уур, орчны шинжилгээний газар, Японы Далайн шинжлэх ухаан, технологийн агентлагийн Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан судлах хүрээлэнгийнхэн эл нуруун дахь мөсөн голуудыг 2005 онд судлахад талбайн хэмжээ нь 27 хувиар буурсан байж. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар мөсөн голын талбайн хэмжээ 45 хувиар багассан нь илэрчээ. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Монголын мөсөн голууд 2090 он гэхэд бүрэн хайлж дуусна гэж судлаачид тооцоолж байна. Ялангуяа манай орны хамгийн урт гэгддэг, Оросын эрдэмтний нэрээр нэрлэсэн Потанины мөсөн гол нэн түрүүнд устаж мэдэхээр буй гэнэ. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Буянзаяа “Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд томоохон 10-аад мөсөн гол байдгаас Александр болон Потаниных хурдацтай хайлж байна. Голын урт, өргөн, мөсөн бүрхүүлийн талбай нь эрс багассан. Нэг жишээ дурдахад, Потанины мөсөн голын талбайг анхны судалгаагаар 53.5 ам км гэж тодорхойлсон байдаг ч одоо 24 ам км болж хумигдсан. Японы судлаачид энэ голын мөс хамгийн зузаан хэсэгтээ 229, нимгэн нь 70-аад метр гэж дүгнэсэн байдаг. Харин одоо энэ нь 50 хувиар багассан. Потанины мөсөн гол хайлах үйл явц XX зууны эхээр эхэлсэн гэдэг ч 2003 он хүртэл энэ нь маш удаан буюу аажмаар үргэлжилж байсан ч сүүлийн жилүүдэд цэвдэг хайлах, мөсөн голууд ширгэх, уурших үзэгдэл эрчимжсэн” гэж ярилаа. Баян-Өлгий аймгийн долоон гайхамшгийн нэгд багтдаг эл мөсөн гол мөхөлд ойрхон буй нь мэргэжлийн байгууллагын судалгаагаар нэгэнт тодорхой болжээ. Гайхамшигт тогтоц бүхий мөсөн голууд нэг нэгээр үгүй болсоор дуусах вий гэж нутгийн иргэд санаа зовниж байгаа ч үүний эсрэг хийж чадах зүйл даанч алга хэмээн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Т.Айдос хэлэв. Үнэхээр тийм аж. Ийм үзэгдэл (мөстөл хайлах)-ийн гол онцлог нь түүнийг нөхөн сэргээх боломжгүйд байгаа юм. Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах боломж хомс. Учир нь, мөсөн гол нь дэлхийн температуртай нягт холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ нь цаг агаарын төлөвтэй шууд хамааралтай гэсэн үг. Мөсөн голууд ийн “хөдөлгөөнд орсон” нь агаарын дундаж хэм сүүлийн 10 жилд тасралтгүй нэмэгдсэний балаг юм.
Манай орны баруун, хойд, төвийн бүсүүдэд ихэнх мөсөн гол байршдаг. Тодруулбал, Монгол Алтайн нурууны ноён оргилууд, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, Хөвсгөлийн уулсын мөнх сарьдагт эдгээр нь 659 ам км талбайг эзлэн оршдог байж. Нэлээд хэдэн жилийн өмнө судлан тогтоосон энэ хэмжээ өдгөө хэд болж буурч, хэчнээн мөсөн гол чимээгүйхэн “амь тавьсан” нь тодорхойгүй байна. Энэ төрлийн судалгаа манайд дэндүү хожуу эхэлсэн. Одоо ч хоцронгуй явааг цэвдэг судлаач Н.Энхзаяа онцлов. Томоохон мөсөн голуудаа тоолж бүртгээд байхаас биш, бусдыг нь ер ажирдаггүй гэнэ. Монгол орны мөстөл (мөсөөр бүрхмэл байсан үеийн үлдэгдэл), мөсөн голуудыг бүрэн хамруулсан томоохон судалгааг 10 гаруй жилийн өмнө хийж байж. Гэтэл газар зүйн шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнууд тусгай, дэвшилт технологи ашиглаад мөсөн голуудаа жил бүр тоолж, хянадаг аж. Тэрбээр “Монгол орны мөстлийн зэргийг үнэлж, 1940 онд зохиосон М1:100000 масштабтай зургийг “Landset” хиймэл дагуулын 2002 оны мэдээтэй харьцуулахад мөстөл 32 хувиар буурсан, түүний дотор Хархираа уулсынх 37.5, Цамбагаравынх 28 хувиар багассан үзүүлэлттэй байсан. Одоо дахин дорвитой судалгаа хийх цаг нь болсон” гэлээ.
Мөсөн голуудын ач холбогдол юу вэ. Ширгэж үгүй болбол ямар аюул нүүрлэх бол. Уулсын магнайд, биднээс хол байгаа цас, мөс хайлах нь амьдралд ямар хамаатай юм бэ гэж олон хүн бодож магадгүй юм. Гэвч энэ нь бидний төсөөлснөөс ч хэд дахин ач холбогдолтой аж. Мөстөл, мөсөн голууд нь тухайн орчныхоо ургамал, ногоог чийгээр хангаж, амьд байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ гол, мөрнийг гүнээс тэжээн тэтгэж байдаг. Цаашлаад экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг, байгалийн нэг төрлийн дархлаа юм. Хүний биеийн дархлаа суларахад элдэв өвчинд өртөмтгий болдог. Үүний нэгэн адил мөсөн голууд ширгэсээр байвал байгаль сүйдэж, устах үүд бүрмөсөн нээгдэж буйгаас ялгаагүй гэнэ.
Тэгвэл бид мөсөн голуудаа хамгаалахын тулд юу хийж чадах вэ. Үүнд хамгийн ихээр нөлөөлдөг дэлхийн дулаарлыг хазаарлаж, тогтоох боломж бий юү. Бид дэлхийн дулаарлыг байгалийн жам ёсны үзэгдэл мэт ойлгодог. Ингэж өөрсдөөсөө зайцуулдаг ч байж болох юм. Гэтэл үүнийг нэмэгдүүлдэг хүлэмжийн хийн гол үйлдвэрлэгч нь хүн төрөлхтөн шүү дээ. Тэгэхээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бидний хувь нэмэр ч хамаатай. Энэ бол мөсөн голуудаа хамгаалах цор ганц гарц аж.