Дорнод аймгийн Матад, Халхгол сумдад үйл ажиллагаа явуулж буй "Томо бюлдинг" болон "Дорнын их гэгээ" компанийн залуус зээрийн сүргийг хамгаалж, Дорнод Монголын хялганат талын эко байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэд зээр услах усан сангууддаа ус нэмэхээр эргэж тойрч явахдаа хун шувуудыг мөн усалжээ.
Хайрын бэлгэдэл болсон хун шувууд аагим халуунд зорьсон газраа хүрч чадалгүй талд буудалласан ч харангадаж үхэхийн ирмэгт тулгараад байж. Залуус жижигхэн цөөрөм үүсгэж шувуудыг усалснаар хун шувууд сэргэсэн байна. Харин залуус шувуудыг хангалттай тэнхэртэл нь усаар таслахгүйн тулд үндсэн болон нөөцийн машинуудаа дайчлан ус зөөвөрлөж, хэд хэдэн газар цөөрөм үүсгэжээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.