Хэсэг залуус өөрсдийн санаачилгаар талд харангадаж буй зээрнүүдийг усалж буй мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд дуулиан тарив. Залуустай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Дорнод нутаг энэ зун гандуу, хур бороо оролгүй удсан болохоор харангадаж үхсэн, сульдаж тамирдсан зээрнүүдтэй хаа сайгүй таарч байгаа талаар тэд хэлсэн юм.
Харин усалгааны талаар сонирхоход, газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нүхийг нь экскэватороор ухаад, өрмийн зүмп доторлодог пленкоор доторложээ. Нэг усан санд дунджаар 30тн орчим ус орж байгаа гэнэ. Эдгээр усан сангаас гадна талд тогтсон нэгэн цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр мөн худгаас ус зөөвөрлөж хийж байгаа аж.
Өнгөрөгч өвөл Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын цэцэг өвчин зээрийн сүрэгт мөн халдварлаж, тоо толгой нь нэлээд хорогдсон талаар эх сурвалжууд хэллээ. Иймээс дээрх хоёр талбайд технологийн тээвэр хийж буй “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн залуус нэгдэн, усалгаанаас эхэлсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Зээр хамгаалах сан” байгуулахаар шийдвэрлэсэн байна.