“Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд гарсан ойн түймрийг унтраах ажилд дайчлагдсан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа А.Чинбаттай ярилцлаа. Хуурайшилт ихтэй байгаа энэ үед ой, хээрийн түймэр үргэлжлэн ассаар байна.
-Асралт хайрханд гарсан түймрийг унтраахын тулд 18 км газар ус үүрч алхсан гэв үү?
-ЗХЖШ-ын даргын тушаалаар манай ангиас офицер тав, цэргийн гэрээт алба хаагч дөрөв, хугацаат цэргийн алба хаагч 50, энгийн таван ажилтан гээд нийт 65 хүний бүрэлдэхүүнтэй баг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Асралт хайрхан уулын Майдрагийн даваа, Овоот уул, Чулуутын голын орчимд гарсан ойн түймрийг унтраахаар энэ сарын 17-ны 07.00 цагт Улаанбаатараас хөдөлсөн.
Бид туулах чадвар сайтай “ЗиЛ-131” ма шинтай явсан. Далайн түвшнээс дээш 2100 метрт өргөгдсөн Овоот хайрханд хүрэхийн тул машинаар 23 км газрын гурван цаг туулсан. Түүнээс цааш хад асга, намаг шалбааг ихтэй, машинаар явах боломжгүй болсон тул 18 км алхаж, түймрийн голомтод хүрсэн. Биднийг очиход түймэр уул нуруудаар нэлээд тархсан, шинээр 4-5 цэгт асаж байсан.
Түймэр гараад долоо хоносон ч унтрааж хүчрэхгүй болсон учраас Зэвсэгт хүчнээс цэрэг дайчилсан юм билээ. Бид 18 км газраас 20-40 литр ус үүрээд түймрийн голомтод очдог байсан. Ойн түймэр хөвдөндөө орчихсон, унанги мод, шатсан талбай ихтэй учраас унтраахад бэрх байлаа. Хөрөө, сүх, хүрз, төмөр утсан шүүр гээд багаж хэрэгслээ сайн авч явсны хүчинд түймрийг тархаалгүй барьж, захаас нь хумиж ажилласан.
Төв аймгийн Онцгой байдлын газраас үлээгч аппарат олгоно гэсэн ч өгөөгүй. Харин энэ сарын 20-нд бороо орсны хүчинд түймэр бүрэн унтарсан. Биднийг түймрийн голомтод ажиллаж байх үед манай ангийн захирагч, хурандаа С.Батболд хоёр удаа ирж, түймэр унтраах зааварчилгаа өгч байлаа.
-Хоол хүнсээ хэрхэн зохицуулж байв?
-Манай ангийн эмэгтэй гурван алба хаагч тэнд тогоочоор ажилласан. Түймэр асаж байсан газар асга хадтай, битүү ширэнгэ учраас нааш цааш яваад байх боломжгүй. Тиймээс алба хаагчдын хоол, цайг 18 км-ээс зөөсөн.
-Хүн угаартах, гэмтэх тохиолдол гарсан уу?
-Шатсан мод булгарч унахад дарагдах, гэмтэх, угаартах гээд эрсдэл ихтэй байсан. Гэхдээ ямар нэгэн осол гаргаагүй. Цэргүүд зуны хувцасандаа шилжсэн ч ноосон цамц, хөвөнтэй хүрэмтэй явсан.
Аль болох утаа угаар багатай газар нүдний хор гаргаж явсан. Олон хоног утаанд явсан болохоор хоолой сөөж, нүд аргаж улайсан нь одоо л гайгүй боллоо.
-Утаанаас хамгаалах нүдний шил, амны хаал байгаагүй юм уу?
-Амны хаалт өгсөн. Хамгаалах шил байхгүй.
-Хүнд нөхцөлд ажилласан онцгойгийн алба хаагчдад цалингийн урамшуулал олгодог юм билээ. Та бүхэнд нэмэлт цалин өгдөг үү?
-Нэмэлт урамшуулал байхгүй. Биднээс гадна Зэвсэгт хүчний 016, 186, 327 зэрэг олон ангийн 300 гаруй алба хаагч ажилласан. Бороо орсноос ус намаг ихсэж, буцаж ирэхэд хүндрэлтэй байлаа. Туулах чадвар сайтай машинаар чирүүлж байж намаг шавраас гарсан.
-Асралт хайрхан нь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар. Түймэр гарсан шалтгааныг тогтоосон уу?
-Хэдий тусгай хамгаалалттай газар ч ам, салаа бүрээр нь машин, хүний мөр гарсан байна лээ. Хулгайн анчид, самарчдын отог энд тэндгүй. Машинтай явж болох бүх л даваа гүвээнд нь зам гаргаад энд тэндгүй хогоор дүүргэжээ.
Зарим нэг хүний хариуцлагагүйгээс болж хэчнээн сайхан ой хэдэн мянган га-гаар хуйхлагдаж байгаа нь харамсалтай.