Ойрын өдрүүдэд манай орны зүүн хагаст аагим халуун үргэлжлэх бол баруун аймгуудын нутгаар ялимгүй сэрүүсэх төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Ирэх сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр маргааш, нөгөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Алтай, Хангайн уулархаг бүсэд агаарын температур шөнөдөө 7-12, өдөртөө 20-25, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22, өдөртөө 28-33, бусад нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 25-30 градус дулаан байх аж. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар мөн энэ сарын 2-ныг хүртэл дуу цахилгаантай бороо орох бөгөөд агаарын температур нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад нутгаар халах төлөв гарчээ.
Тухайлбал, Орхон, Сэлэнгэ, Туул голын саваар шөнөдөө 16-21, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 28-33 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар маргааш, нөгөөдөр түр зуурын бороо орж, хойд хэсгээрээ ялимгүй сэрүүсэх боловч ирэх сарын эхээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 32-37 градус хүртэл халах аж.
Говийн аймгуудын нутгаар энэ сарын 2-нд дуу цахилгаантай бороо орох бөгөөд бусад хугацаанд хур тунадас унахгүй, агаарын температур шөнөдөө 18-23, өдөртөө 33-38 градус хүрч халах гэнэ.