Хонон өнжин шивэрсэн бороо бүтээн байгуулалт, зам талбайн чанарыг шалгаад, муу дүү тавив. Борооны улмаас Зургаан буудлын дэргэдэх автобусны зогсоолын нэг хэсэг цөмөрч, бохирын худаг урссан байна. Засах гэж буй бололтой өчигдөр цөмөрсөн хэсгийг шороогоор дүүргэсэн байв. Мөн гүйцэтгэл нь дуусаад арав ч хоноогүй болон ашиглалтад хүлээлгэн өгөөгүй шинэ бүтээн байгуулалт ч эвдрэв.
Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн дэргэдэх шинээр тавьсан явган зам, автобусны буудлыг дурдаж болно. Тэндхийн оршин суугчдын хэлж буйгаар 14 хоногийн өмнө тухайн хэсгийн хуучин явган замыг хуулж, кабелийн утас татсан гэнэ. Ингээд шинээр явган зам тавьсан аж. Гэвч улны шороог нь сайтар чигжээгүйн улмаас усанд урсаж, нүх үүсчээ. Түүнд нь ус тогтож арав гаруй жолооч машинаа эвдсэн гэнэ.
Мөн Гандангийн дэнж дагуу барьж буй үерийн далан нурсан байв. Тус даланг барьж буй хүмүүс “Далангийн ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан юм. Гэтэл усархаг бороо орж, гурван хавтан уначихлаа. Бетон цутгалтын хэвнээс авахуулаад бидний багаж ч усанд урсчихлаа, яах учраа олохгүй байна” хэмээн ярив. Автомашины хурд сааруулах зориулалттай зам дээр түрхсэн улаан өнгийн бодис мөн усанд урсаж, чанарын шаардлага хангахгүй гэдгээ нотоллоо.
Мөн борооны улмаас олон арван өрх хоёр хоног орчим цахилгаангүй болсон. Энэ сарын 20-ны өдөр цахилгаан эрчим хүчний зарим шугамд гэмтэл гарсны улмаас Сонгинохайрхан дүүргийн “Драгон” автовокзалын арын орон сууцнууд, Хан-Уул дүүргийн Нүхтийн ам, Баянгол дүүргийн IV хорооллын зарим хэсэг, Баянзүрх дүүрэг дэх “Дүнжингарав” хороолол, Жанжны гудамж, Ботаник, Амгалан, Улиастайн гүүр, “Ургах наран” хороолол, Хонхор, Гачуурт, Шар хоолойн ам зэрэг газарт цахилгаан тасарчээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан шугамын эвдрэлийг зассан ч өчигдөр Баянзүрх дүүргийн XIV, Сонгинохайрхан дүүргийн XII хороо, “Цэцэг” төв, Хужирбулан орчмын айл өрх, албан байгууллага цахилгаангүй өнжсөн юм. Дуудлагын бригад гэмтлийг тодорхойлж, засаж буй талаар тус компанийнхан хэлсэн юм.
Түүнчлэн усархаг бороо Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 50 гаруй байрны оршин суугчдын тав тухыг алдуулжээ. Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд “Дээврээс ус гоожлоо”, “Байрны зоорийн давхар усанд автлаа” гэсэн дуудлага 100 гаруй ирсэн байна. Нийслэлийн ОБГ-ынхан орон сууц, гэр, хашаа усанд автсан гэх 71 дуудлага хүлээн авчээ.
Хэдэн зуун сая төгрөгийн ажлыг сүйтгэсэн бороо өндөрлөг газрын хог, шороог авто зам дагуу овоолсныг өчигдөр замын цагдаагаас авахуулаад хот тохижилт, дүүргийнхэн гээд олон арван хүн цэвэрлэсэн.