Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд удаа дараа түймэр гарч, багагүй хохирол учраад байгаа билээ.
Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс тодруулахад “Голдуу явган аялагчдын замын дагуу ойр ойрхон таван түймэр гарлаа. Залаатын амны түймрийг онцгойгийнхон саяхан унтрааж, цурмыг нь манайхан манаж байна. Ойн түймрийн аюултай нь модны ёроолоор үргэлжилдэг. Өдөр нь ус асгаад унтраалаа гэхэд доогуураа шатаж байгаад маргааш нь өөр газраар гараад ирдэг. Тиймээс хүн хүч, эдийн засгийн хүндрэл гарч байна. Манай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зургаан мэргэжилтэн, нэг жолооч, 23 ой хамгаалагчтай. Бид сүүлийн гурван удаагийн түймэрт өдөр шөнөгүй ажиллаж, цурманд оруулсан. Нэг хэсэг нь ус зөөж байгаа бол нөгөө нь голомтод ажиллах жишээтэй. Онцгойгийнхон гол хүч болж байна. Онцгой байдлын автомашин ирээд ч хүрэхгүй газрууд байгаа шүү дээ. Тиймээс 2-3 км-ийн цаанаас 20-30 литрээр нь усаа зөөж байгаа” гэв.
Энэ хавраас хойш Богд ууланд нийт 10 түймэр гарчээ. БОАЖЯ-наас Богдхан уулын дархан цаазат газар болон Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныханд түймэр унтраахад дэмжлэг үзүүлж, тус бүр 10 сая төгрөг өгсөн байна. Тэр мөнгийг албан хаагчдын хоол хүнс, техник хэрэгслийн шатахуун авахад зарцуулж буй талаар Ц.Дуламсүрэн дарга ярилаа.