Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 10 хувьд нь өвс ургаагүй, 60 хувьд нь дөнгөж цухуйгаад байгаа гэнэ. Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүх өчигдөр улсын Онцгой комиссыг хуралдуулж, ямар арга хэмжээ авах талаар ярилцаж, үүрэг өгөв.
Хуурайшилттай байгаа үед гал гарч, олон мянган га газар түймэрт өртөөд буй. Өнөөдрийн байдлаар таван суманд түймэр асаж байгаа аж. Ойн гүнд дэх түймрийг унтраахад хүн хүч, техник хэрэгсэл хүрэх боломжгүйгээс галын тархалтыг зогсооход хүнд байгаа гэнэ. Тиймээс хуурайшилтын улиралд ойгоос мод бэлтгэх, дагалдах баялгийг ашиглах, аялал зугаалгаар явахыг хориглох шаардлагатайг онцлов.
ЦУОШГ-ынхан 17, 18-наас эхлээд нутгийн зарим хэсгээр, 20-ноос хур тунадас орох төлөвтэйг хэллээ. Харин Шадар сайд “Ойрын өдрүүдэд бороо орохгүй. Хөрш орнуудад түймэр олон гарч буй. ОХУ үүлэнд зохиомлоор нөлөөлж, хур тунадас оруулан түймрийн голомтуудаа дарж байна. Энэ нь манайх руу ирж байгаа борооны үүлийг багасгасан нэг шалтгаан болж байгаа” гэсэн юм.
Тиймээс тэрбээр хиймэл дагуулаас авсан мэдээллийг ОБЕГ-т тухай бүрт нь хүргэж байхыг үүрэг болгов. Түүнчлэн үүлэнд нөлөөлж, түймэртэй байгаа газруудад бороо оруулах даалгавар өглөө.