Онон голын эх, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт байрлах Гутайн даваанд “Ю энд би”, “Айвуун тэс”, “Гутайн даваа” зэрэг компани олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй аж. “Гутайн даваа” компани үндсэн, нөгөө хоёр нь шороон ордоос алт олборлодог. Онон голын сав газарт үйл ажиллагаа явуулдаг эдгээр компанийн балгаар Гутайн гол тасалдаж, ширгэхэд хүрсэн учир орон нутгийн иргэд болон уул уурхайн компаниудын хооронд сүүлийн жилүүдэд маргаан өрнөж иржээ.
Нутгийн иргэд хууль хяналтынхан, холбогдох мэргэжилтнүүдээс эхлээд хөлөө хүрэх газартаа явж, заргалдсан байна. Үүний дүнд “Гутайн даваа”, “Айвуун тэс” компани үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Тэгвэл өдгөө “Ю энд би” болон “Айвуун тэс” компанийнхан Онон голын эхэнд хууль бусаар олборлолт явуулаад эхэлжээ.
Тус аймаг дахь “Онон, Улз голынхон” хөдөлгөөнийхөн тэдний үйл ажиллагааг шалгахад “Ю энд би” компанийнхан ашиглалтын тусгай зөвшөөрлөөс өөр ямар ч бичиг баримтгүйгээр ажиллаж байсан нь илэрсэн гэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон газар, ус ашиглах гэрээ ч байгуулаагүй нь тогтоогдсон байна. Мөн тус компани байгальд 45 сая төгрөгийн хохирол учруулсан нь тодорхой болжээ.
“Онон, Улз голынхон” хөдөлгөөний тэргүүн Л.Отгонцэцэг “Аймгийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид энэ асуудалд санаа тавин, ажиллаж байгаа ч манай сумын удирдлагууд ер ойшоодоггүй, тэдний талд үйлчилдэг. Арга ядаад өөрсдийн зардлаар мэргэжилтэн урьж авчраад, экологи, эдийн засгийн үнэлгээ хийлгэхэд “Ю энд би”-гийнхэн 45 сая төгрөгийн хохирол учруулсан байна лээ. Ашиглалтын зөвшөөрөлтэй ч дагалдах бичиг баримтгүй бол сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох эрхтэй ч, үүнийг хэрэгжүүлдэггүй” хэмээн ярилаа.
Цагдаа, байгаль орчны мэргэжилтнүүд хэдхэн хоногийн өмнө Гутайн даваанд шалгалтаар очиж, “Ю энд би” компанийн үйл ажиллагааг нь зогсоосон аж. Гэтэл тэд өдгөө ч ажилласаар байна. Тусгай зөвшөөрөлтэй компаниуд холбогдох хууль журмыг мөрдөж байгаа, эсэхэд санаа тавьдаг гол байгууллага болох АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргалаас энэ талаар тодруулахад “Манайд тодорхой мэдээлэл ирээгүй байна. Бид удахгүй хуваарийнхаа дагуу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт шалгалт хийнэ” гэв.