Дэлхийн дулаарал, хуванцар хог хаягдал, газрын тосны бохирдол, зүй бус загасчлалаас урьдчилан сэргийлэх, далайн биологийн нөөцийг хадгалах, судлах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургадугаар сарын 8-ныг Дэлхийн далай, тэнгисийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан.
Энэ өдрийн хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Манай гаригийн зүрх-далай тэнгис” нэртэй танин мэдэхүйн сургалт зохион байгуулав. Тэд сурагчдад “Гол, мөрөн, нуурын эрэг дагуу аялж зугаалахдаа хуванцар сав, гялгар уут, шил бүү хая” гэж уриалжээ.
Мөн эл өдрийн хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангаас хийсэн далайн нөөцтэй холбоотой судалгааны үр дүнг энэ үеэр танилцуулсан байна. Далай тэнгист хаясан синтетик хаягдал, нефтийн бохирдлоос болж сүүлийн 100 жилд загасны нөөц 90 орчим, далайн бусад төрлийн амьтны тоо толгой 40 хувиар буурсныг судлаачид тогтоожээ.