Дөрвөн жилд нэг удаа болдог Ази-Номхон далайн орнуудын Жембори өнөө жил манай улсад болох гэж байна. Жембори гэдэг нь өсвөрийн хүүхэд, залуучуудын майхант зуслан гэсэн үг юм.
Уг арга хэмжээний талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын дарга Ш.Чинбатаас тодрууллаа.
-Майхант зусланд хэчнээн хүүхэд хамрагдах вэ?
-Ази-Номхон далайн Жембори нь олон улсын скаут хүүхдүүдийг нэг дор цуглуулдаг томоохон арга хэмжээ юм. Энэ жил 31, Монголд анх удаа болох гэж байна. Тус Жемборид 50 гаруй улсын 2000 скаут хүүхэд, зочид, төлөөлөгч нийлсэн 3500 орчим хүн ирнэ гэдгээ мэдэгдээд байна.
Түүнчлэн Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс 4000 гаруй хүүхэд, 1500 орчим багш, скаут оролцоно. Тус арга хэмжээ долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 2-нд, олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болно.
-Олон орны хүүхдүүд Монголыг тольдох чухал арга хэмжээ болох юм байна. Бэлтгэл ажлаа хэр сайн базааж байна вэ?
-2012 онд Бангладеш хотод болсон 30 дугаар Жемборийн үеэр манай улс уг үйл ажиллагааг зохион байгуулах эрхээ авсан. Өнгөрсөн жил тус арга хэмжээг Монгол Улсад болох томоохон үйл ажиллагааны жагсаалтад оруулж, тогтоол баталсан.
Үүний дагуу Ерөнхий сайд энэ онд захирамж гарган, Ази-Номхон далайн орнуудын Жембори зохион байгуулах Үндэсний хороо байгуулж, даргаар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, дэд даргаар нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг томилсон.
Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ учраас Засгийн газраас тодорхой санхүүжилт гаргаж байгаа. Одоогоор бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явна. Монголын скаутын холбооныхон сургагч багш нарыг бэлтгэж байгаа бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 21 аймаг дахь салбарынхан хүүхдүүдийг бүртгэх, зардлыг нь шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч буй.
Мөн гадаадын зочид, хүүхдүүд ирэх учраас тэднийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, Монгол Улсыг сурталчлах хөтөч, тайлбарлагч бэлтгэх зэрэгт холбогдох газрууд нь анхаарлаа хандуулах болно. Тодруулбал, БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрынхан өндөр зохион байгуулалттай ажиллаж байна.
-Хамрагдах хүсэлтэй хүүхдүүд хэрхэн, хаана хандах ёстой вэ?
-Хөдөө орон нутагт Жемборид оролцох хүүхдүүдийн мэдүүлгийг авч дууссан. Харин нийслэлийн хүүхдүүд тухайн дүүргийнхээ ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэст хандах юм уу, Монголын скаутын холбоонд хүсэлтээ ирүүлж болно.
-Ямар нэгэн шалгуур бий юү?
-Хамгийн түрүүнд 250.000 төгрөг төлөх учиртай. Үүнийг тухайн хүүхдийн хоол, хувцас хэрэгсэл болон долоо хоногийн хөтөлбөр, гарын авлага зэрэгт зориулна. Сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сурлага, спорт, урлагийн авьяастай хүүхдүүд байх хэрэгтэй.
Түүнчлэн өсвөрийн хүүхэд залуучуудын майхант зуслан гэдэг утгаараа 11-17 насныхан байх шаардлагатай.
-Уг арга хэмжээг яагаад майхант зуслан гэж онцолсон юм бэ?
-Оролцож буй хүүхдүүд 10, 10-аараа гал болж, нэг багшийн удирдлага дор долоо хоногийг өнгөрөөх болно. Ингэхдээ майханд хамтдаа байрлаж, хоолоо өөрсдөө хийж идэхээс гадна тэмцээн уралдаанд оролцох юм.
Хүүхдүүд байгаль дэлхийтэйгээ шууд харилцаж, биеэ даах нь үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөн, өөрийгөө хөгжүүлэхэд тустай.