Өнгөрөгч тавдугаар сарын дундуур санагдана. “Хүннү” их дэлгүүрийн гадна машинаас буутал нэг залуу гарнаасаа хоёр тагтаа дэрхийн нисгэсэн юм.
-Хүүе, энэ хоёр тагтааг чи нисгэсэн үү?
-Тийм ээ.
-Тэжээвэр тагтаа юм уу?
-Тийм.
-Тэгвэл дуудаад, гар дээрээ дахин авчирч чадах уу?
-Энэ хоёр буцаж ирэхгүй л дээ. Шууд гэр лүүгээ явж байгаа юм.
-Гэр нь хаана байдаг юм бэ?
-Бэлхэд.
-Төөрөхгүй гэж үү?
-Үгүй ээ, ийм тагтаа төөрдөггүй юм. Хаанаас ч гэрээ олно.
-Ямар сонин юм бэ, Гандангийн тагтаатай адилхан уу?
-Үгүй, өөр. Спорт тагтаа. Монголд байдаггүй. Хятад, Орос, Голланд зэрэг улсаас авчирдаг. Маргааш уралдаанд оролцох гэж байгаа юм.
-Уралдаан нь хаана болох юм бэ. Хэр олон тагтаа уралдах вэ?
-Дундговиос уралдана. Өнгөрсөн жил 200 км зайд уралдсан. Энэ жил зайг нь 100 км-ээр холдуулсан. Монголд саяхнаас энэ төрлийн уралдаан хөгжиж байгаа. Арав гаруй хүн тагтаагаа уралдуулдаг. Би өмнө нь хоёр удаагийн тэмцээнд түрүүлсэн.
Бидний дунд ийм сонирхолтой яриа өрнөсөн юм. Түүнийг М.Гэрэлт-Од гэдэг. Түүний тагтаа энэ жилийн уралдаанд ч түрүүлсэн аж. Спорт тагтаа (sport pigeon) хэмээх энэхүү тусгай үүлдэр нь Голландаас гаралтай. Бүр өмнөх түүхийг нь сөхвөл эртний Грек, Ромоос авахуулаад дэлхийн I, II дайны үеийн шууданч тагтаа өнөөгийн спорт үүлдрийн “өвөг” гэнэ. Мөн тэднээр хар тамхи зөөлгөн буруу зорилгоор ашигласан тохиолдлууд ч бий.
Юутай ч бидний мэдэх жирийн тагтааг бодвол хоёр дахин том уушгитай байдаг нь “спорт” хэмээн тодотгох шалтгаан болжээ. Спорт тагтаа холоос нисэж байхдаа хамраараа 320 орчим км-ийн цаадах чимээг сонсож, чичиргээг мэдэрдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, эл жигүүртэнд чих байдаггүй бөгөөд үнэртэх, сонсох мэдрэхүйг хамар нь гүйцэтгэдэг аж.
Дэлхийн аль улсад буйгаас үл хамааран жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл эр эм тагтааг хамтад нь байлгадаг юм байна. Ингээд тавдугаар сарын 15-нд салгаж, эр, эмээр нь тусгай үүрэнд үржүүлдэг аж. Нүдний хээ, биеийн хэмжээ, хамрын яр, өдний онцлог гэх мэт олон шинжийг нь харгалзан нийлүүлдэг гэнэ.
Спорт тагтааг уралдуулахдаа залуу (4-8 сартай) ба хөгшин шувуудынх гэж хоёр ангилдаг. “Хөгшчүүдийн” ангилалд ихэвчлэн 1-3 настай тагтаа уралддаг. Тэднээс хоёр настнууд л онцгойрдог юм байна. Уралдааны зай хамгийн багадаа 400, ихдээ 900 км байх ёстой. Гэхдээ ямар ч тагтаа хэдэн зуун км-т шууд нисдэггүй бөгөөд уралдаанаас уралдааны хооронд 30-50 км-ээр зайг нь холдуулж чадлыг нь сорьдог. Гэвч энэ спортыг сонирхогчдын хэлж буйгаар тагтаа нэгэнт 400 км-ийн зайнаас ирж л байвал 900 км-ийг ч туулах чадвартай гэсэн үг аж. 2000 орчим км зам туулсан нь дэлхийн рекорд гэнэ. Олон улсын жишгээр 100 тагтаа уралдуулахад хамгийн ихдээ 70 хувь нь 900 км-ийн цаанаас ирдэг бол бусад нь зэрлэг шувуунд бариулах, төөрөх зэргээр гэртээ ирдэггүй талаар дурджээ.
Нөгөө талаар энэ нь нэлээд өндөр өртөгтэй спортод тооцогддог гэнэ. Спорт тагтаа дунджаар 50-200 ам.доларын үнэ хүрдэг нь хөрөнгө мөнгөтэй хүмүүс илүүтэй сонирхоход хүргэдэг бололтой. Манай улсын хувьд олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээллээс харахад хамгийн хямд нь 100 мянган төгрөг хүрч байна. Дашрамд дурдахад, эдгээр хуудсанд тавигдсан мэдээллүүдийн ихэнх нь спорт тагтаа худалдах, солилцох гэх мэт арилжааны шинжтэй зарлалаар дүүрсэн байх бөгөөд тун бага хэсэг нь энэ төрлийн тагтааг хэрхэн тэжээх, өсгөх, хол зам туулж сургахад тустай зөвлөгөө байх аж.
Гэхдээ манай спорт тагтаа сонирхогчид Буян-Ухаагийн дэнж, Зайсан толгой, Цонжин болдог, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газар үе үе болзон цуглаж, тагтаануудаа нисгэдэг юм билээ.