Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр ирэх долоо хоногийн бямба, ням гаригт буюу энэ сарын 13-14-нд тохиож буй. Монгол Улсын Төрийн тэргүүн зарлиг гаргаж ийм өдөртэй болсноос хойш бид долоо дахь жилтэйгээ золгох гэж буй. Гэхдээ жилдээ ганц удаа биш, хавар, намар бүх нийтээрээ мод тарьдаг болсон. Энэ өдрийг угтан салбарын яамнаас сарын аян зохион байгуулдаг бөгөөд БОАЖ-ын сайд өнгөрсөн сарын 14-нд “Бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулахтай холбоотой албан даалгавар гаргасан юм байна. Энэ өдрийн хүрээнд ямар ажил зохион байгуулах талаар тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнгээс тодрууллаа.
-Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдрийн гол онцлог юу вэ?
-БОАЖЯ-наас иргэдэд мод тарих сэдэл төрүүлэх, уриалах, тэдэнд мэдлэг мэдээлэл олгох, идэвхжүүлэхэд анхаарал тавьж, гол ажлаа үүнд чиглүүлж байгаа. ДОХ-ын өдрөөр иргэд улаан тууз зүүдэгтэй адил мод тарих өдөр тогтсон имижтэй байя гэж шийдэж бид энэ жил лого гаргасан. Тэр логог хараад мод тарья гэдэг сэдэл иргэдэд төрүүлэх зорилготой юм. БОАЖЯ-наас бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулахтай холбоотой пэйж хуудас ажиллуулна. Мод тарихад ус, шороо л хэрэгтэй гэж ойлгодог иргэн цөөнгүй. Тиймээс цэцэрлэгжүүлэлт, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран мод тарихдаа ямар мэдлэгтэй байх ёстой вэ гэдэг сургалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулна. БОАЖЯ-наас зохион байгуулж буй нэгдсэн сургалт энэ сарын 10-11-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 09.00-12.00, 13.00-16.00 цагт нийт дөрвөн удаа болно. Энэ сургалтад оролцох хүсэлтэй хүмүүс нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүдэд хандаж болно.
-Мод тарих иргэдийг стандартын тарьц суулгацаар хангах асуудал их чухал. Энэ талаар ямар ажил зохион байгуулах вэ?
-Өмнөх жилүүдэд хэн дуртай нь, мод ургуулж байгаа хүн болгон шахам үзэсгэлэн худалдаагаар тарьц, суулгацаа худалддаг байсан. Энэ жил үзэсгэлэн худалдаанд борлуулж буй тарьц суулгацанд хяналт тавина. Уулнаас ухаж авчирсан, эсвэл импортын, хууль бусаар оруулж ирсэн тарьц, суулгац худалддагийг журамлаж байгаа. Энэ сарын 5-7-нд МҮЭСТО-д зохион байгуулах үзэсгэлэн худалдаанаас стандартын тарьц, суулгац авч болно. Мөн нийслэлийн Байгаль орчны газартай хамтраад тодорхой байршлуудад, тухайлбал, Сонсголонгийн тойрог орчим, Жуковын музей орчимд мөн “Цамбагарав”-т энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Үзэсгэлэн худалдааны үеэр зөвхөн тарьц, суулгац худалдахгүй, мэргэжлийн байгууллагууд иргэдэд модоо яаж тарих талаар зөвлөгөө өгөх юм.
-Иргэд мод тарихаар суулгац авдаг. Харин хаана тарих вэ гэдгээ мэддэггүй. Үүнийг хэн зааж өгөх ёстой вэ?
-Ойн тухай хуульд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар иргэний мод тарих талбайг сонгон өгч, тарьсан модны арчлалтыг зохион байгуулна гэж заасан байдаг. Энэ дагуу иргэд амьдран сууж буй хороондоо хандах учиртай. БОАЖ-ын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний албан даалгаварт аймаг, нийслэлийн хэмжээнд бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мод тарих газрыг суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төвлөрсөн байршилд, тодорхой зураг төслийн дагуу зохион байгуулна гэж бичсэн. Энэ албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яамнаас зураг төслийн загвар хувилбаруудыг бий болгож “Хэрэв та нарын мод тарихаар сонгосон талбай чинь нэг га орчим бол энэ хувилбаруудаас ашиглаарай” гэж санал болгож байгаа. Энэ зураг төслийг яамнаас дүүрэг, хороодод хүргүүлсэн. Тэгэхээр иргэд хаана мод тарихаа сум дүүрэг, баг хорооныхоо Засаг даргаас асуух хэрэгтэй.
-Иргэдийн тарьсан модыг хэн арчлах ёстой вэ. Иргэд үү, дүүрэг хороо нь уу?
-Иргэдийн тарьсан модны арчлалт хамгаалалтын ажлыг жилийн турш тухайн сум, дүүргийн засаг захиргааны байгууллага мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалт бий. Гэхдээ хүн ам ихээр суурьшсан нийслэлийн хувьд Ботаникийн цэцэрлэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тасганы овоо гэхчлэн байнгын арчилгаатай, харуул хамгаалалттай газруудад иргэдээр мод тариулах нь зөв.