БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Гоо Монгол” төслийн хүрээнд Монгол Улсын дархан цаазат, байгалийн цогцолбор, байгалийн нөөц, дурсгалт газрын үнэт чанар, зүй тогтол, ан амьтдыг талаар танилцуулсан “Гоо Монгол” зурагт ном бүтээжээ.
Тус бүр нь 42 хуудас бүхий 12 цуврал ном гаргахаар төлөвлөснөөс эхний хоёр дэвтрийг нь одоогоор хэвлээд буй. Үүнд Хөвсгөл аймгийн Тэнгис-Шишгидийн хотгор, Улаан тайга, Хорьдол сарьдаг, Хөвсгөл нуур, Даяндээрхийн агуй зэрэг улсын тусгай хамгаалалтад байдаг газруудын түүх, домог, тэдгээрт тархсан ховор ан амьтдын талаарх мэдээллийг багтаасан аж. “Гоо Монгол” төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд улсын тусгай хамгаалалтад байдаг 68 газар нутгийг сонгон 12 цуврал номондоо багтаан танилцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн уг цуврал бүтээлээ хэд хэдэн орны хэлээр хэвлэн, Монголын газар нутгийн гайхамшиг хийгээд онцлогийг дэлхий дахинд танин мэдүүлэх зорилготой юм. “Гоо Монгол” цувралыг гар утасны аппликейшн хэлбэрээр түгээгээд буй юм билээ.