Найман аймгийн 40 сумын хүн, мал ундаалдаг Орхон гол өнгөрсөн зун алтны компаниудаас болж яаж улаанаараа эргэлдэж байлаа. “Нэн даруй арга хэмжээ аваач” гэж олон нийт төрийн байгууллагуудын дарга нарт хандан удаа дараа шаардлага тавьсны эцэст холбогдох газрынхан арга буюу арга хэмжээ авсан. Албаны хүмүүс нөхцөл байдлыг хэд хэдэн удаа очиж шалгасан, тэнд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдэд олборлолтоо зогсоож, байгальд орчинд хохирол учруулахгүй байх үүрэг өгсөн. Гэсэн ч бохирдуулагч аж ахуйн нэгжүүд нохой хуцаж байгаа чинээ тоогоогүй. Шалгахаар очиход нь олборлолт явуулж байсан төхөөрөмжүүдээ далд хийчихээд, явахаар нь ажиллуулдаг гэж тухайн үед газар дээр нь ажилласан мэргэжилтнүүд хэлж байлаа.
Хариуцлагагүй, хэнэггүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, төлбөр авдаг болохын тулд 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуультай болсон. Гэсэн ч уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дагалдах журмуудыг гаргаагүйгээс тав дахь жилдээ энэ хуулийг царцааж буй. Төлбөрийн хэмжээг тогтоох, түүнийгээ хэрхэн авах зэрэг баримт бичгүүдийг нь баталчихсан бол хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байж л дээ. БОАЖЯ-ны холбогдох мэргэжилтнүүд уг нь тэдгээр журмыг боловсруулж, батлуулахын тулд гурван удаа Засгийн газарт хүргүүлсэн ч тухай бүрт нь буцаажээ. Аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх ачааг нэмэхгүй гэж л удаа дараа хойшлуулсан юм байх.
Туул голын сав газар манай улсын хүн амын талаас илүүг нь ундаалдаг. Цэнгэг усны индикатор болдог тул загас цагийн сайханд хатан Туулд элбэг байсан гэдэг. Гэтэл бохирдлоос нь үүдэн өдгөө харагдахаа больсон, бараг дайжсан байх гэж эрдэмтэд таамаглаж буй. Голын усны чанарыг үнэлсэн, сүүлийн 10 жилийн судалгааны дүнг харахад 2007 онд Уу булан орчимд л маш цэвэр байна гэсэн хамгийн дээд үнэлгээ ганцхан удаа үзэгдэв. Түүнээс хойш бохирдлын хэмжээ тогтмол өсөж ирсэн бөгөөд өдгөө голын эх орчим л цэвэр гэсэн үнэлгээнд арай ядан хүрч байгаа юм. Доод Сонгино, Шувуун фабрик, Хадан хясаа, Алтан булагаар урсах хэсэг бол сүүлийн 10 жилийн турш маш их бохирдолтой гэсэн тодотгол зүүж явна. Гэтэл ийм байдалд хүргэсэн хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцлоо гэж лав дуулдаагүй. Энэ мэт увайгүй үйлдэл эцсийн дүндээ эзэн холбогдогчгүй болж, хэл үг хийдэггүйгээрээ байгаль орчин бохирдоод үлддэг жишиг тогтсон.
Уг асуудлыг шийдэхийн тулд таван жил сөхөлгүй царцаасан хуулийг хэрэгжүүлж, ус бохир дуулсны төлбөр авдаг болоход БОАЖЯ-ныхан анхаарч эхэлсэн байна. Ингэхдээ 2012 онд баталсан хуулийг эргэн харж, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн, төслийг нь боловсруулчихаад буй. Энэ талаар тус яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэ булган “2016 оны наймдугаар сараас хойш Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдуулан гарах журмыг батлуулахад онцгой анхаарч ажиллаж байна. Мэргэжилтнүүдийг оролцуулж, хэд хэдэн удаа уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Тэдгээрийн үр дүнд юуны түрүүнд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд БОАЖ-ын сайдын зөвлөл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуралдан, ажлын хэсэг байгуулаад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Саналаа УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны арваннэгдүгээр сарын 8-ны хуралдаанд оруулан хэлэлцүүлэхэд гишүүд дэмжсэн. УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй. Төсөл бэлэн болчихсон, одоо холбогдох тооцоо судалгаа хийж байгаа” гэлээ.
Тэрбээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагаад Усны, Зөрчлийн, Ашигт малтмалын, Эрүүгийн гэсэн дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарч буйг онцолсон. Учир нь ус бохирдуулагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль журам манайд байдаггүй. Аль нэг голыг улаанаар нь эргүүлж, эсвэл ширгээчихсэн этгээд байгальд орчинд учруулсан хохирлыг нөхөн тооцох аргачлалын дагуу сайндаа л хэдхэн төгрөгөөр торгуулаад бултчихаж болно гэсэн үг. Тиймээс асуудлыг ул суурьтай нягталж, цогцоор нь шийдэхэд голчлон анхаарч байгаагаа дуулгалаа.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж хоногт 170.000 шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, түүнийгээ Туул голд нийлүүлдэг. Бохир ус илгээж буй аж ахуйн нэгжүүдийг арьс ширний, ноос, ноолуурын, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд тэргүүлдэг буюу гол эх үүсвэр болдог. Уг нь тэдгээр үйлдвэр байгаль орчныг бохирдуулж, хохирол учруулж буйнхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Гэтэл ус ашигласныхаа төлбөрийг л хагас дутуу төлөхөөс өөр гавьяа байгуулсангүй. Ус бохирдуулсны төлбөр авах эрх зүйн зохицуулалт бүрдээгүй гэдэг шалтгааны ард тэд “нуугдсаар” байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Төв цэвэрлэх байгууламжид ирэх бохир усны хэмжээ нэмэгдэх болсон төдийгүй агуулагдах бохирдол нь хүлцэх хэмжээнээс 2-5 дахин их болжээ. Усны тухай хуульд үндэслэн баталсан Хүрээлэн буй орчин, байгальд нийлүүлэх, Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны гэсэн хоёр стандарт манай улсад бий. БОАЖЯ-наас баталж, аль хэдийнэ мөрдөж эхэлсэн тэдгээр стандартад байгаль болон ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх бохир усанд агуулагдах бодисуудын хүлцэх хэмжээг заасан байдаг. Үүнээс гадна арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал усны стандарт бий ч шинэчлэн сайжруулах шаардлага тулгарчээ. Эдгээрт үндэслэн ус бохирдуулсны төлбөрийг тооцож авах учиртай тул илүү боловсронгуй болгохоор төлөвлөсөн байна.
Аливаа улс орон шинэ төрлийн татвар нэмэхдээ аажмаар, алгуурхан, бага багаар авч эхэлдэг жишиг олон улсад бий. Зарим оронд ус бохирдуулагч бодисууд дундаас хамгийн аюултай байж болох нэгийг сонгон авч, тухайн бодисын найрлага бүхий бохир ус гаргасан аж ахуйн нэгжүүдэд татвар ногдуулдаг байна. Аажимдаа бохирдуулагч бодисын тоог нэмж, татвартай болгох замаар хуулиа үе шаттай чангаруулдаг. Манай улс ч уг жишгийг дагаж, хуульд заасан төлбөрийн хэмжээг эхний ээлжинд 50 хувь бууруулж авах санал боловсруулжээ. Төлбөр авч эхлэх нь байгаль орчноо хамгаалах бодлого мөн боловч нөгөө талаар аж ахуйн нэгжүүдэд дааж давшгүй ачаа үүрүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авах гэнэ.
Татварын ерөнхий хуулийн долдугаар зүйлд ус бохирдуулсны төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх, улсын татварт хамааруулна гэх зүйл заалт бий. Бохир ус гаргаж буй бүх иргэн, хуулийн этгээд төлөх ёстойг илэрхийлж буй хэрэг. Гэхдээ эхний удаа иргэнээс төлбөр авахыг түр хойш тавьжээ. Харин аж ахуйн нэгжүүдийг бол алаг үзэлгүй, бүгдийг нь хамруулах юм билээ. Зөвхөн мөнгө авахыг чухалчлах бус, түүгээр дамжуулан байгаль орчны бохирдлыг бууруулах нь гол зорилго аж. Үүний тулд төлбөрөөс хөнгөлөх заалтуудыг ч хуулийн шинэчилсэн төсөлд тусгажээ. Тухайлбал, хариуцлагаа ухамсарлаж, цэвэршүүлэх байгууламж барьсан аж ахуйн нэгж хөнгөлөлтөд хамрагдаж болох нь. Гэхдээ цэвэрлэх байгууламжтай байгууллага бүр төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, хамгийн гол нь цэвэрлэсэн усан дахь агууламж нь стандарт хэмжээнд хүрэх ёстой юм байна. Үүнтэй холбоотойгоор хаягдал ус цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх талаар БОАЖЯ-ныхан судалж байгаа гэсэн. Юутай ч гол ус бохирдуулагчдад хариуцлага тооцох ажил дахиад нэг удаа гараанаас хөдөллөө. 2012 онд баталсан хууль шигээ царцаахгүй, ажил хэрэг болгох нь л одоо хамгийн чухал байна.