Хэдэн иргэн санаачилж, аавуудад зориулан төгөл байгуулахаар болжээ. Тэд “Аавдаа хайртай хүн бүхэн зорин очдог, гэр бүл, найз нөхөдтэйгөө амарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг ногоон байгууламж бүхий төгөл бий болгоно” хэмээсэн гэнэ. Аавдаа хүндэтгэл үзүүлэхийг хүсэж буй хүн бүр тэдэнтэй нэгдэж, мод тарих боломжтой. Сайхан санаачилга байгаа биз. Энд тэнд эзэнгүй баахан суварга босгож шувууны сангасаар будуулж, элдэв уралдаан, тэмцээн зохион байгуулснаас л хамаагүй дээр шүү дээ. Гэвч цэцэрлэгт хүрээлэн, төгөл байгуулна гэхээр нэг л бүтэлтэй дүр зураг төсөөлөгдөхгүй юм. Аргагүй шүү дээ, төгөл байгуулах нэрийдлээр олон зуун, мянган тарьц, суулгац бөөн бөөнөөр нь аваачиж, хаа нэгтээ булшлах явдал манай улсад жилийн жилд өрнөдөг. Яг л хавар, намарт сэдэрдэг хууч өвчинтэй адил.
“Голдуу нарс, хус, улиас зэрэг моддоос бүрдэх, үндсэн ойгоос тасарч ургасан бага шиг ойг төгөл гэнэ” хэмээн толь бичигт тайлбарлажээ. Харин төгөл байгуулах гэдгийг “Хүний гараар бүтээсэн бичил ой, ногоон байгууламж” гэж мэргэжлийн дендрологич тодорхойллоо. Гэтэл бид үүнийг арай өөрөөр ойлгоод байх шиг. Төгөл байгуулах ажил Монголд хэрхэн өрнөдөг талаар товч өгүүлье. Хэсэг бүлэг хүн, эсвэл хамт олон, албан байгууллагаараа төгөл байгуулах гэж буйгаа сүртэй гэгч нь зарлан тунхаглана. Дараа нь, хаанаас ч юм бэ баахан тарьц, суулгац авчирч тариад, байгууллагынхаа нэрийг бичиж сийлсэн файзаа хажууд нь хатгаад орхичихдог. Хамгийн харамсалтай нь, тууз хайчилж, баяр тэмдэглэх нь холгүй байгуулсан өнөөх төглөө тэд ор тас мартаж орхидог гэмтэй. Тарьсан модод нь ургаж байгаа, эсэхэд хэн ч санаа тавьдаггүй. Байгальд даатгаад орхичихдог гэхэд хилсдэхгүй. Яг ийм байдлаар бий болгосон төгөл, булшилж орхисон модод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон бий.
Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг гол газар болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг чимдэг ганц зүйл нь ногоон байгууламж. Гэтэл эл газарт төгөл байгуулах хообийтой хүн, байгууллага сүүлийн жилүүдэд олширсноос мод оршуулдаг газар болж хувирав. Нэгнийхээ хийсэн ажлыг харлуулж, гоочиллоо гэж шүүмжилж магадгүй л юм. Гэвч та Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мод, бутыг сайтар ажиглаарай. Үүд орчим буюу олны хөлийн газруудад тарьсан модод өнгөлөг, дориун ургаж байгаа харагддаг. Харин цаашлах тусам байдал өөрчлөгдөж буй нь анзаарагдана. Хатаж гандсан мод бут, хүний хөлд үрэгдэж халцарсан зүлэг энд тэндгүй таарна. Тэнд олон байгууллагын нэрэмжит төгөл бий.
МУИС, ШУТИС, Монголын Банкны холбоо, нийслэлийн ИТХ-ын болон Прокурорын газар, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцогчдын нэрэмжит гээд иргэд, албан байгууллагуудаар овоглосон төгөл тэнд нэлээд олон. Гэвч ургаснаасаа ургаагүй нь, амь даасаа хатсан нь илүү нь хамгийн эмзэглэмээр. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх энэ айл 110 ажилчинтай гэж байгаа. Үүний бараг 70 орчим нь ногоон байгууламжид санаа тавьдаг гэсэн. Тэд услах, зэрлэг зулгаах, тайрч тэгшлэх, шохойдох, хортон шавьжтай тэмцэх ажлыг хариуцдаг. Гэтэл тэдгээр төгөл эхдээ гологдсон хүүхэд шиг хөсөр хаягдсан нь ямар учиртай юм бол. Тэндхийн ногоон байгууламжийн усалгаа хариуцсан мэргэжилтнээс “Төгөл байгуулах гэсэн юм, болох уу. Хаанаас зөвшөөрөл авах вэ” гэхэд “Бололгүй яах вэ. Мод тарих хүсэлтэй хүмүүст манайх нээлттэй. Биднээс гадна хувь хүн, албан байгууллагууд ч энд мод тарьдаг. Тийшээ (Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа) очоод маркетингийн албаныхантай уулзаарай” хэмээн зөвлөлөө. Тэд “Мод тарья” гэсэн хүмүүсийг дуртайяа хүлээж авдаг нь илт.
Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтний хэлж буйгаар бол жилд хамгийн цөөндөө 3-4 байгууллага тэнд төгөл байгуулах нэрийдлээр мод, бут суулгадаг гэнэ. Харин арчилж, тордох ажлыг хэн хариуцах вэ гэдгийг Цэцэрлэгт хүрээлэнгийнхэнтэй зөвшилцөж шийддэг аж. Гэтэл өдгөө тэнд буй төгөлүүд хариуцсан эзэнтэй гэхэд хэцүү. Тарьсан эзэд нь ч, тариулсан байгууллагынхан нь ч мартчихаж гэлтэй. Тэгсэн атал байгууллагынхаа нэрийг бичсэн самбартаа санаа тавьж, додомдохоо мартдаггүй. Банкны холбооныхон 2014 онд тэнд хэдэн мод тариад, “Банкны төгөл” гэсэн самбар байрлуулжээ. Эл самбар нар, салхинд элэгдэж, үзэмжгүй болсон тул саяхан шинэчилж, “Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний түүхт 90 жилийн ойд зориулав” хэмээн бичжээ. Гэвч тарьсан модод нь “Биднийг арчилж, тордоогүй” гэх шиг өнгөгүй, “амьгүй”.
УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав “Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Гэтэл хүмүүс газарт булж орхиод л болчих юм шиг санадаг. Уг нь тарьсан модоо арчилж, ургуулах нь л буян үйлдэж байгаа хэрэг” гэж хэлж байсан билээ. Тарих нь чухал бус, ургуулах нь л хамгийн гол гэдгийг тэрбээр ийн хэлсэн хэрэг. Тэгвэл иргэд төгөл байгуулах нэрийдлээр хамгийн цөөндөө 50100 мод “булшилж” байна. Хэдэн мянган модтой төгөл байгуулахаар зорьж буй байгууллагууд ч бий. Тухайлбал, “Байгаль эх дэлхийгээ аваръя” ТББ-ынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг “Хайрын нарсан төгөл”-тэй болгохоор өнгөрсөн жил 5000 ширхэг нарс тарьсан бол “Монголын байгаль орчны консорциум” ТББ-ынхан БОАЖЯ-тай хамтраад 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг” байгуулах гэж буй юм билээ. Тэд ч бас тарьсан модоо бүү мартчихаасай. Удахгүй Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохионо. Мод тарих хообийтой хүмүүс хэдэн арав, зуугаар нь тарьц, суулгац “булшлах” нь дамжиггүй. Ердөөсөө энэ жилийг “Тарьсан модондоо эзэн болъё” уриатай тэмдэглэвэл ямар вэ.
Хашаандаа 20 гаруй төрлийн мод тарьдаг, ахмад настан С.Шийрэв гуай нэгэнтээ “Мод тарьчихаад мартчихдаг, эзэн болдоггүй хүмүүс бусдын хөдөлмөрийг давхар үнэгүйдүүлж буйгаа мэддэггүй” хэмээн халаглаж байв. Мод үржүүлгийн газартай тэрбээр нэг ширхэг тарьц, суулгац бэлтгэхийн тулд багагүй цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдгийг мэддэг учраас ингэж хэлсэн болов уу. Тиймээс тарьсан модондоо эзэн болж, арчилж чадахгүй бол төгөл, цэцэрлэгт хүрээлэн хэмээх гоё нэртэй “оршуулгын” газар байгуулахаа больцгооё.