ОХУ, Монгол Улсын хил дагуух газруудын байгаль хамгааллын асуудлаарх зөвлөлдөх уулзалт болж, хил дамнасан голууд сүүлийн жилүүдэд бохирдох болсон талаар хөндөв. Энэ хүрээнд Хандгайт, Торхилог, Сагил, Улиаст голын уснаас сорьц авч, судалгаа шинжилгээ хийж, бохирдлын хэмжээг тогтоохоор болжээ. Мөн голуудын дагуу орших сум, тосгоны оршин суугчидтай уулзаж, дэлхийн өвд хамрагдсан Увс нуурт цутгадаг голуудыг бохирдуулахгүй, голдиролыг нь өөрчлөхгүй байхыг сануулж, хэрхэн хамгаалах талаар заавар, зөвлөмж өгчээ. Уулзалтад Монголын талаас Увс аймгийн ЗДТГ, Увс нуур, Тэсийн голын сав газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааныхан, ОХУ-ын талаас тус улсын Байгалийн нөөцийн хяналтын газар, Тува улсын Байгаль орчны яам, Увс нуурын хотгорын дархан цаазат газрын төлөөлөгчид оролцсон байна. Хил дамнасан голуудыг хамгаалах арга хэмжээг талууд цаашид хамтран хэрэгжүүлэхээр болжээ.