Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийнхэнтэй хамтран Хэрлэн голын усны чанарыг тогтоох судалгаа хийж эхэлжээ. Төв аймгийн Мөнгөнморьт сум, Таалчийн, Дэлгэрэхийн, Буурал ахын, Их ахын, Дунд ахын, Бага ахын, Богдын, Нарийн сайхны, Богд Яны, Хойд Хориудын, Хэрлэн гол гэсэн маршрутаар хийж байгаа эл судалгаанд 14 гол, нэг булгийг хамруулсан байна.
Эдгээрээс хоёр гол нь шургасан байгааг судлаачид тогтоожээ. Голын ус ийн газар доогуур шургаж, далд урссанаар тасарч, улмаар ширгэж үгүй болох аюултай гэнэ. Судлаачид дээрх голуудаас ус, мөсний дээж авсан бөгөөд удахгүй усны хүчиллэг, цахилгаан дамжуулалт, эрдэс, бохирдол зэргийг тогтоох юм.