Хэдэн зуун эрдэс бодис, амин хүчил агуулсан, олон төрлийн ашиг тустай барагшуныг түүхийгээр нь экспортлох бизнес газар авч, нөөц нь барагдахад хүрчээ. Зөвхөн өнгөрсөн онд 2335 тонныг экспортолсон гэнэ. Байгалийн үзэгдлийн хувьсал, өөрчлөлтөөр олон мянган жил хуримтлагдаж бий болдог учраас энэ баялаг төдийлөн нөхөн сэргэдэггүй аж.
Энэ асуудлыг цэгцлэх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол А/86 дугаар тушаал гаргаж, байгалийн барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулж экспортлохыг таван жилийн хугацаагаар хориглов. Уг нь 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн (тухайн үеийн нэршлээр) сайд ийм тушаал гаргаж байсан ч 2016 оны дөрөвдүгээр сард шийдвэрийг хүчингүй болгосноор хил давуулах нь эрс ихэсчээ.
БОАЖЯ-ны захиалгаар МУИС-ийн багш, эрдэмтэд судалгаа хийж, манай орон ойролцоогоор 300 гаруй тонн цэвэр барагшуны нөөцтэй болохыг тогтоосон. Далайн түвшнээс дээш 2500 метр өндөрт орших, хүний үйл ажиллагаанд өртөөгүй, хад асганд тогтдог уг баялаг өдгөө зөвхөн Монгол оронд л цэврээрээ үлдсэн гэх таамаг бий.
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорац, Мал эмнэлгийн хүрээлэн, “Тавин-Ус”, “Монос” групп, “Мон энзим”, “Барагшун фарм”, “Бэц баун”, “Сауап” зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж, байгууллага байгалийн барагшун боловсруулж, найман нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Экспортын хориг нь эцсийн бүтээгдэхүүнд хамаарахгүй юм.