Дэлхийн 47 орны 3400 орчим газарт бохирдлын үнэлгээ хийсэн “Pure earth” олон улсын байгууллагынхан манай улсыг хамгийн их эвдэрсэн, бохир хөрстэй найман орны нэгээр “өргөмжилж”, “Бохирдсон газрыг тогтоох нь” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон тухай бид оны өмнөхөн мэдээлсэн. Нийт газар нутгийнх нь 70 гаруй хувь нь цөлжсөн, хот, суурины ойролцоох барилгажсан болон хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 80-аад хувь нь хүн, мал, машин техникийн нөлөөгөөр талхлагдсан, шар шороон шуурганы голомттой бүсэд оршдог манай улс дахин нэг гуншинтай болж, муугаар цоллуулсан нь энэ. Бохирдлын үнэлгээ хийлгэж, хөрсөө “эмчлүүлэхээр” хөтөлбөрт хамрагдсан олон орноос Монгол шигшигдсэн нь баярламаар хэдий ч өөрсдийн тарьсан балгаа харийнханд даатгах гэж байгаа нь ичмээр, бас гутамшигтай ч юм шиг.
Хөрс эвдэрч, доройтоход нөлөөлдөг олон хүчин зүйл бий ч манайхан муу л бол хойд талын хар овоохой гэгчээр малчид руу чичилж, тэднээс буруугаа хайдаг. Арга ядахаараа “Байгалийн хүчин зүйлээс болж байна” гээд өөрсдөөсөө зайлуулдаг зантай. Гэвч хөрсийг хайр гамгүй эвдэж, доройтуулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг нэгэн төрлийн “мангас” улам хүчирхэгжсээр байгааг анзааралгүй өдий хүрэв. Энэ бол авто спорт. “Хилэнц хорхой”, “Үлэмж хурд”, “Мастер кросс”, “Инфо бокс”, “Чингис хаан”, “Speed cup”, “Scorpion 4:4”, “Цайны зам”, “Ice racing cup”, “ВMW GS” зэрэг янз бүрийн, сүрдэм нэртэй авто уралдаан сүүлийн жилүүдэд манай улсад хүчээ авч байна. Тэр ч бүү хэл хил дамнасан, олон улсын уралдаануудад манай залуус оролцох нь олширчээ. Уржигдархан “Хятад, Монголын бартаат замынхан” нэртэй уралдаанд оролцогчид Эрээн хотоос урт аяллаа эхэлсэн сурагтай. Тээврийн хэрэгслийнхээ хурд, хүчийг сорих хүсэлтэй залуус ийн олширсон нь энэ төрлийн спорт хөгжих хөрс болов. Гэвч хөгжиж буй бүхэн сайн сайхныг дагуулдаггүй нь харамсалтай. Авто спортынхны хөлд сүйдэж, үржил шимгүй болсон хөрсний хэмжээ жилээс жилд өсөж байгааг судлаач, эрдэмтэд хэлж байна.
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, хөрс судлаач Д.Энхжаргал “Уул уурхай, зам тээвэр, барилгын салбарын хөгжил, бэлчээрийн доройтол хөрсний эвдрэл нэмэгдэхэд нөлөөлж буй гол шалтгаан мөн. Гэвч эдгээрээс дутахгүй хор хохирол байгальд учруулж, хөрсийг доройтуулдаг ч хүмүүс тэр бүр ойшоодоггүй хүчин зүйл олон бий. Үүний нэг нь, том, арзгар дугуйтай машин техникүүд. Мөн эмх замбараагүй хот төлөвлөлтөөс үүдэлтэй хогийн цэг, оршуулгын газрууд, цэвэрлэх байгууламж, цахилгаан станцын үнсний сан зэрэг нь хөрсийг их хэмжээгээр бохирдуулж, эвдэж байна” гэсэн бол “Эрүүл хөрс, энх амьдрал” ТББ-ын судлаач Ч.Буянтогтох “Авто спорт сонирхдог залуус унадаг машиныхаа төрлөөр ялгаран, фэйсбүүкт групп байгуулж, тусдаа тэмцээн зохион байгуулах болж. Ингэхдээ хүссэн газартаа уралддаг. Ялангуяа хотын төвөөс зайдуу Багануур, Налайх, Багахангай дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гармын ойролцоо тээврийн хэрэгслийн хөлд талхлагдсан газар өчнөөн бий. Хөрсний эвдрэл, доройтол ихтэй газрын хөрс цайгаад андашгүй танигддаг” хэмээн ярилаа.
“Хөрсийг хагалж, хавж байгаа биш дээ, машин давхихад яав л гэж” хэмээн та бодож байж магадгүй л юм. Гэвч тийм биш аж. Авто спортынхон аль болох бартаа, тотгортой газарт зорчихыг хүсдэг учир ихэвчлэн онгон дагшин байгальтай, “эрүүл” бүсэд уралдаанаа зохион байгуулдаг гэнэ. Тэд мэдээж жирийн нэг “Приус”, “Лого” хөлөглөн уралдаанд оролцохгүй. Хөдөө гадаа унахад тохиромжтой, хүчин чадал сайтай тэрэг сонгоно. Тэгвэл ийм төрлийн машинууд газрын хөрсийг урж, ихээхэн хар мөр үлдээдэг аж. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн машин техникийн нөлөөгөөр эвдрээд 20 шахам жил болж буй хөрсийг атар газрынхтай харьцуулан судлаад байгалийн жамаар нөхөн сэргэхэд хэдэн арван жил шаардлагатайг тогтоожээ. Мөн ургамал ургах таатай нөхцөл болдоггүй гэж дүгнэсэн байна.
Том жийп, тусгай тоноглолтой болон бусад төрлийн машин байгальд хэр зэрэг халтайг мэддэг улс бидэн шиг хэнэггүй байдаггүй бололтой. Тухайлбал, Италид 200-гаас дээш морины хүчтэй машинтай иргэд байгаль орчинд хохирол учруулж болзошгүй этгээдэд хамаардаг учир өндөр татвар төлдөг гэнэ. Харин Европын зарим оронд авто раллиг бүрмөсөн хорьж, тусгай тоноглолтой машинаар аялуулдаггүй юм байна. Манай өмнөд хөршийнхөн л гэхэд үүнд ихээхэн хянамгай ханддаг бололтой. Дээр дурдсан “Хятад, Монголын бартаат замынхан” уралдааны зарын доор нэгэн иргэн “Хятадууд хөмүүл ч түүлгэдэггүй улс бартаат замын уралдаан зохион байгуулах нь юу л бол. Тусгайлан бэлтгэсэн талбай байдаг гэсэн. “УАЗ-469” машин уралдахад зориулан Замын-Үүдэд байгуулсан хоёр талбайдаа байнга уралдаан зохиодог” гэж бичжээ. Ёстой нөгөө “Айлын хүүхдүүд ийм айхтар” гэдэг чинь энэ шүү дээ. Гэтэл бид дэмнэж, нэгдээд хөрсөө сүйтгээд байдаг, хачин улс.
Байгаль орчин, тэр дундаа хөрсөнд тээврийн хэрэгслийн үзүүлэх дарамт, нөлөөний талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонслоо.
Г.БЯМБАА (ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, хөрс судлаач):
-Сүүлийн жилүүдэд манай улсад тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа. Гэвч манайх шиг өргөн уудам нутагтай, эдийн засгийн чадавх муу орон бүх замаа сайжруулан, засмал болгоход ихээхэн бэрхшээлтэй. Тиймээс иргэд дураараа зам гаргаж, байгаль орчноо сүйтгэдэг. Машин техникийн нөлөөгөөр эвдэрсэн хөрсний ургамлын бүрхэвч устдаг. Өөрөөр хэлбэл, хөрсний үржил шимт давхаргыг хамгаалах дархлаа байхгүй болно гэсэн үг. Ингэснээр хөрсний өнгөн хэсгийн шороо салхинд хийсэж, үлдсэн хэсэг нь дагтаршиж, ургамлын бүрхэвч үгүйрнэ. Хийссэн шороо ойр орчмын ургамлууд дээр ч тогтдог. Ургамал тоосонд дарагдсанаар фотосинтез явагдахад саад учирдаг юм. Нэгэнт эвдэрч доройтсон хөрсний ус нэвчүүлэх хурд 36 дахин удааширдаг учир хур тунадасны чийг нэвчихээ байж, улмаар ус хөрсийг эвдэх үндэс болдог. Ийм газарт голдуу хогийн ургамал ургадаг.
С.ДАМДИНСҮРЭН: (Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Хяналтын зөвлөлийн дарга):
-Энэ талаар нэлээд ярьж, хэвлэлд ярилцлага өгч байсан. Авто уралдаан төдийгүй байгальд халтай машин техникээр аялах нь олширлоо. Ийм төрлийн аяллыг хориглож, хязгаарлах хэрэгтэй. Авто спорт болон аялалд дурлагчид өөрсдөө кайф авч, зугаацахыг бодохоос биш, байгальд ямар хохирол учруулж байгаагаа ер мэддэггүй. Жийп машины талхалсан хөрс хуучин байдалдаа ортлоо 3-5 жил болдог. Аргагүй шүү дээ гурав, дөрвөн жижиг машины дайтай ул мөр байгальд үлдээдэг шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ талаар иргэдэд танин мэдүүлэхэд анхаармаар байна. Нэн ялангуяа байгалийн үзэсгэлэнт тогтоцтой болон тусгай хамгаалалттай газруудад ийм аялал зохион байгуулахгүй байх хэрэг тэй.
Э.ЭНХЦЭЦЭГ: (МУИС-ийн багш, доктор):
-Хөрс нь элэгдэж, эвдэрч, дорой тохдоо амархан, эмзэг тогтоцтой. Байгаль дахь бодис, энергийн харилцан үйлчлэлийг зохицуулах, тэнцвэржүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Хөрсний эвдрэл дотроо ердийн болон хурдацтай гэсэн хоёр төрөлтэй. Техникээс үүдэлтэй эвдрэл хурдацтай өрнөдөг учраас сэргэхдээ удаан, тааруу байдаг. Нэг удаагийн авто уралдаанд хамгийн багадаа 10, 20 машин оролцдог, дээрээс нь нэг газартаа хэдэнтээ эргэлдэж, сүлжилдэн давхилддаг учир ямар их хор уршиг учруулах нь ойлгомжтой. Авто ралли хөрсөнд хэрхэн нөлөөлж байгаа талаар хийсэн судалгаа бараг байдаггүй гэхэд хилсдэхгүй. Цаашид энэ чиглэлээр нарийвчлан судалгаа хийхээр төлөвлөж байгаа.