БОАЖЯ, Азийн хөгжлийн банк хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын усны чанарыг шинжлэх ухааны үндэстэй тогтоох, тогтмол хянах, цаашид тогтвортой хэрэгжүүлэх стратеги боловсруулах гэнэ.
Гурван жилийн хугацаатай уг ажлыг “Natural sustainable” компанийнхан өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхлэв. Судалгаа хийхдээ явуулын лаборатори ашиглах бөгөөд нуурын эргэн тойронд усны түвшин, ууршилт хэмжигч, цаг уурын автомат станц суурилуулж, мэдээллийг нь цаг тутам авч, нарийвчилсан дүгнэлт гаргах аж.
Усны биологийн судалгааны хүрээнд гэхэд нуур болон цутгал голуудын усны чанарыг загас, сээр нуруугүйтэн амьтдын индикатор чадварт үндэслэн тодорхойлох, зүйлийн бүрдлийг тогтооно. Нуур хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаач, иргэдийн саналд үндэслэн жуулчин олноор ирдэг сард Жанхайн даваа орчимд агаарын чанарыг хэмжих юм байна. Ингэснээр тоосжилт, агаарын бохирдол нууранд хэрхэн нөлөөлдгийг тогтоох боломж бүрдэх аж.