БОАЖЯ-ны харьяа Сэлэнгэ мөрний сав газрын захиргаа нисдэг камер, урсгалын хурд хэмжигч багажтай болжээ. Салбарын яам болон Булган аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр дэвшилт технологийн ийм төхөөрөмжтэй болсон гэнэ.
Усны тухай хуулийн дагуу сав газрын захиргаад хариуцсан газар нутгийнхаа хэмжээнд жил бүр усны тоо бүртгэл явуулж, ашиглах боломжит усны нөөц болон ус ашиглалтыг байнга хянаж, хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг гүйцэтгэх журамтай.
Хууль хэрэгжүүлэхэд нь дээрх төхөөрөмж ихээхэн хувь нэмэртэйг тус газрын захиргааныхан онцоллоо. Сэлэнгэ мөрний сав газар нь Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Орхон гэсэн таван аймгийн газар нутгийг хамардаг юм.