Монгол орны газрын хэвлий дэх баялгийг харийнхан мөнгө болгож харсаар удаж буй. Хүн, мал цөөнтэй зах хязгаар нутгийн минь ашигт малтмал руу хууль бусаар дайрч, ухаж төнхсөн харийнханд харамсалтай нь Монголын хууль хатуухан шийтгэл оноож чадахгүй л байна.
Татвараас зайлсхийсэн Жастин Капла тэргүүтнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэн уучилсан жишээгээр эш татахад манай хуулийг зөрчөөд ял зэмгүй сална гэдэг ойлголт гадаадынхны сэтгэхүйд суучихсан бололтой. Тухайлбал, Дундговь аймагт хууль бус үйл ажиллагаа явуулсан ОХУ-ын иргэн Валерий Петрович Цегельник гэгчид хариуцлага тооцож чадалгүй өдий хүрч байна.
Дундговь аймгийн Өлзийт суманд жонш олборлодог “Адил оч” гэх компанийн захирал 2014 онд дээрх орос эрд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг юм билээ. Тус компанийн удирдлагууд анх тусгай зөвшөөрөл авсан талбайдаа үйл ажиллагаа явуулж байгаад талбайдаа ороогүй өөр 2-3 газарт ашигт малтмал олборлосон аж.
Энэ хэрэгт нь Мөрдөн байцаах албаны Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн Эрүүгийн хуулийн 214.2-т заасны дагуу “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
Зөвхөн Дундговийн Өлзийтөөр тогтохгүй, Дорноговь аймгийн нутагт ч хууль бусаар жонш ухаж байжээ. Эдийн засгийн тооцоогоор нэлээд олон тэрбум төгрөгийн жонш олборлож хил давуулсан байх магадлалтай талаар нутгийн иргэд ярих юм билээ.
Харин Дундговь аймгийн Өлзийт сумаас байгаль экологид учруулсан хохиролд нэг тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд хандаад буй бөгөөд энэ компанийн захиралд холбогдох үйлдэл нь Өршөөлийн хуульд хамрагдаж буй аж. Тиймээс экологид учруулсан хохирлыг нь төлүүлсний дараа энэ хуулийн үйлчлэлд хамруулах нь зөв гэж үзсэн нутгийн иргэд олон байгаа юм билээ.
Үүнээс гадна В.Цегельникийн үүсгэн байгуулсан, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан “Адил оч” компанийн олборлолтын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөний улмаас манай улсын иргэн О нас барж, Н нь гараа хүнд гэмтээсэн хэрэг гарсан юм.
Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй юм. “Адил оч” компанийн хууль бусаар ухаад орхисон талбайд өдгөө “нинжа” нар нэвтэрч, зөвшөөрөлгүйгээр жонш олборлох явдал гарч буй бөгөөд хэд хоногийн өмнө газар нутаг байгалийн баялгаа хамгаалсан нутгийн иргэд, нинжа нарын хооронд зодоон цохион үүссэн тухай тухай мэдээлэл ч байна.