Жил бүрийн дөрвөөс зургадугаар сарыг дуустал ойн болон бэлчээрийн хачиг идэвхждэг. Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаараа агаар салхинд гарах нь ихсэж хачигт хазуулсан хүн нэмэгддэг байна. Өнгөрсөн хоёр өдөрт л гэхэд хачигт халдварын гурван тохиолдол бүртгэгдсэнийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш хачгаар дамжих халдварын нийт 41 тохиолдол бүртгээд буйг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хэлж байна. Манай оронд бүртгэгдсэн энэ төрлийн шавьжнуудаас ойн хачиг хамгийн хортойд тооцогддог.
Уг шавьжид хазуулбал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, гар хөл саажих, ярьж чадахгүй болох эрсдэлтэй юм байна. Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг долоон аймгийн 35 сумын нийт 78 газарт ойн хачгийн голомт бүртгэгджээ. Иймд ой бүхий бүс нутаг, тэр дундаа ойн хачгийн голомттой газарт аялж зугаалахдаа сэрэмжтэй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу тод өнгийн хувцас өмсөх зэргийг сайтар мөрдөхийг холбогдох газруудаас анхааруулжээ.
Хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр авахуулах шаардлагатай. Мөн хазсан хачгийг эмнэлэгт аваачин шинжлүүлж, халдвар авсан, эсэхээ тогтоолгох ёстой гэнэ. Байнга хөдөө ажилладаг хүмүүс ЗӨСҮТ-д хандан, вакцин хийлгэж болох юм байна.