Архангай аймгийн есөн гайхамшгийн нэг болох Чулуутын хавцал дээгүүр 150 метр урттай шилэн гүүр барихаар “Шилмэл шил” ХХК-ийнхан ажилдаа оржээ. Одоогоор ажлын явц арав орчим хувьтай байгаа ч Улсын баяр наадмаас өмнө уг гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.
Шилэн гүүрэн дээгүүр жуулчид хоёр цаг орчим алхахдаа хажуугийн шатаар доош бууж, байгалийн сонин, содон тогтоц бүхий хавцалтай илүү ойроос танилцахын зэрэгцээ төөрдөг толин байшингаар зочлон, агаарын гулсуур, агаарын дугуй, мотоциклын шоу үзүүлбэр шимтэх боломжтой юм байна.
Мөн хавцлын хоёр талаар энгийн болон дээд зэрэглэлийн хоёр төрлийн жуулчны бааз байгуулж, өөр өөр өнгө, загвар бүхий шилээр бүтээсэн 20 гэрт жуулчид хүлээн авахаас гадна ресторан, буфет ажиллуулах гэнэ. Байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй, байгаа янзаар нь хүмүүст үзүүлэх зорилготой төсөл гэдэг үүднээс хавцал дотор эко ариун цэврийн байгууламж барих бөгөөд бохироо шууд дээш нь соруулж авна гэдгийг тус компанийн захирал М.Даш онцолжээ.
Дэлхийн дөрөв дэх шилэн гүүрийг Монголд барих өртөг нь 2.2 тэрбум төгрөг. Иймд дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахад анхаарч буй гэнэ. Шилээ тэд Бээжингийн улсын үйлдвэрт захиалан хийлгүүлж байгаа учраас гүүрэн дээгүүр машин явсан ч хагарч, цуурахааргүй маш бат бөх байх болно гэдгийг амлаж байна.
Нэг сантиметр зузаан шилийг хоёр давхарлаж наасан тул хэр баргийн доргилтод тэсвэртэй, лантуугаар нүдээд хоёуланг нь хагалсан ч амархан салж унахгүй аж. Архангай аймгийн болон Өндөр-Улаан сумын удирдлагууд энэхүү бүтээн байгуулалтыг дэмжиж буй бөгөөд тус компанийнхан шилэн гүүр барих ажилд нутгийн оюутан, залуусыг ажиллуулахаар бүртгэж байгаа юм байна.