Тэс, Булган, Идэр болон бусад голд хаврын шар усны үер энэ сарын дунд үеэс эхэлж тавдугаар сарын эхний арав хоногт хамгийн их хэмжээндээ хүрдэг аж. Гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-20 см нимгэрч, мөсөн дээгүүр ус урсах, хайлах үзэгдэл идэвхжиж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө 10 градус болон түүнээс дулаан байх тул шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлэв.
Мөн голын сав газар дахь цас эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж, ойр орчим нь усанд автаж буй аж. Энэ жил шар усны үерийн хэмжээ олон жилийн дунджаас хоёр дахин их байх төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээлсэн юм. Дашрамд дуулгахад, Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн Бор залаа гэдэг газар малчин Ж, П нарын гэр, 200 гаруй бог мал өнгөрсөн ням гаригт шар усны үерт автжээ.