Улаанбаатар хотод барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж буй хайрга, дайргын ихэнх хувийг нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэдэг. Олборлох зардал бага тул аж ахуйн нэгжүүд Туул голын эргээс хайрга авч ашиглах нь түгээмэл. Уг үйл ажиллагаа нь голыг бохирдуулж, голдиролыг нь өөрчлөх, цаашлаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж буй.
Иймээс БОАЖ-ын сайдын тушаалаар холбогдох газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоохоор болжээ. Энэ хүрээнд Туул голын хамгаалалтын бүсэд газар ашиглаж байгаа болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргаж байна.
“Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод өртсөн, нөхөн сэргээгээгүй, доройтуулсан, ухаад орхисон талбай Туул голын сав газарт их бий. Нөхөн сэргээлтийг стандартын түвшинд хийх шаардлага тулгарч буй юм. Аж ахуйн нэгжүүд цаашид хайрга биш дайрга олборлох ёстой” гэж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэллээ.
Нийслэлийн хэмжээнд хайрга, дайрга олборлох 278 тусгай зөвшөөрөл олгосны 56 нь Туул голын хамгаалалтын бүсэд хамаарч буй аж.