Их Хянганы нуруунаас эх авсан Халх голын савд хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын дунд үеэр хамгийн их хэмжээндээ хүрнэ. Энэ жил шар усны үерийн хэмжээ үерийн олон жилийн дунджаас даруй хоёр дахин их байх төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээлжээ. Үүний зэрэгцээ Халх голд мөсөн хахаа үүсэж үерийн түвшин улам нэмэгддэг онцлогтой.
Хангай нурууны салбар уулс, Булнай нурууны араас эх авах Тэс, Хан Хөхий нурууны Баруунтуруун болон бусад голуудын хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын дунд үеэс эхэлж хамгийн их хэмжээндээ тавдугаар сарын эхний арав хоногт хүрнэ. Монгол Алтай нуруунаас эх авсан Булган болон бусад голуудын шар усны үер дөрөвдүгээр сарын сүүлчээр эхэлж хамгийн их хэмжээндээ тавдугаар сарын дунд үеэр, Хангай нурууны араас эх авсан Идэр голын хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлж хамгийн их хэмжээ нь тавдугаар сарын гуравдугаар арав хоногийн дунд үеэр ажиглагдана.
Гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-20 см нимгэрч, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхжиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө 10 градус болон түүнээс дулаан байх тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж, мөсөн хахаа үүсэх улмаар хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.