Иргэд санамсар, болгоомжгүй байдлаасаа болж ой, өвс ургамал болон гэр сууцаа шатаах явдал сүүлийн өдрүүдэд ихэсчээ. Онцгой байдлын албаны эх сурвалжийн мэдээлснээр өчигдрийн байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн 20 орчим түймэр гараад буй аж. Үүний улмаас 4000 орчим га талбай шатав.
Тамхиныхаа цогийг унтраалгүй хаях зэрэг хэнэггүй байдлаас болж ой, бэлчээр, тал нутаг хуйхлагддаг бол нийслэл орчмын ногоон бүс “чихгүй” хүмүүсийн уршгаар түймэрт өртөх нь олширч буй гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлийн арав хоногт зусланд гурван гал гарчээ. Энэ сар гарсаар дуудлагын тоо улам олширсон аж. Хамгийн сүүлд, энэ сарын 4-нд Чингэлтэй дүүргийн нутагт томоохон хэмжээний хоёр гал гарсан байна. Тус дүүргийн XIX хорооны оршин суугч 15 настай А гэрээ дулаацуулах гэж байгаад хоёр га орчим газар галдсан аж. Мөн тус хорооны иргэн Ж хашааныхаа өвсийг шатааж байгаад гал алдаж, хөршийнхөө байшинг шатаажээ. Тиймээс НОБГ-аас бага насны хүүхдийг галтай ойртуулалгүй, өвс, хог шатаах зэргээр ил гал гаргахгүй байхыг анхааруулав.
Тэгвэл цаашид цаг уурын хуурайшилтын зэргийг тогтоох, түймэр гарах эрсдэлийг эрт илрүүлэх, мэдээлэх зэргийг БОАЖ-ын сайд харьяа бүх шатны байгууллагадаа даалгажээ. Мөн шуурхай эргүүл, харуул, жижүүр ажиллуулах, түймэр гарах эрсдэлийн үнэлгээ өндөр бол тухайн аймаг, сум руу тэднийг явуулж, ой аж ахуйн бо лон бусад арга хэмжээг хориглохыг аймаг, нийслэлийн Засаг дарга, БОАЖГ-ын дарга нарт үүрэг болгов.
Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Булганы Могод, Хутаг-Өндөр, Орхон аймаг, Сэлэнгийн Сүхбаатар, Орхон, Хэнтийн Дадал, Биндэр, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Халхгол, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Баяндэлгэр сум болон Улаанбаатар хот орчим түймэр гарах өндөр эрсдэлтэй байгааг цаг уурын байгууллагынхан тогтоогоод буй аж. Ялангуяа Хэнтий, Сүхбаатар аймгийн газар нутаг цасгүй, нэлээд хуурайшилттай учир түймэрт өртөх эрсдэл хамгийн өндөрбайгааг сэрэмжлүүллээ.