Загас барихыг хориглосон хуулийн хугацаа энэ сарын 1-нээс эхэллээ. Үржлийнх нь үе тохиодог тул дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15 хүртэл загас агнахыг Амьтны тухай хуулиар хориглодог. Уг хоригийг дагаж, гол, нуур зүглэхгүй байхыг холбогдох байгууллагуудаас иргэдэд анхааруулжээ. Үржлийнх нь үед халдвал тухайн төрөл устах магадлалтай аж.
Жишээ нь, хадран загас 10.000-12.000 түрс шахдаг ч 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог. Хууль зөрчиж загас барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.
Загас агнаж буй, эсэхийг хянах, зөрчил илрүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ажлыг тухайн орон нутгийн засаг захиргаа хариуцах юм байна. Бүх загасны үржлийн үе харилцан адилгүй учир зарим зүйлийг дээр дурдсанаас өөр хугацаанд агнахыг хориглосон байдаг.
Жишээ нь, Амьтны тухай хуульд зааснаар Дархадын цагаан загасыг наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 20, Буйр нуурын загасыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1, Алтайн сугасыг зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 31, зарамыг есдүгээр сарын 5-наас дараа оны нэгдүгээр сарын 30 хүртэл агнахыг хоригложээ.