Золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, ШШГЕГ-ын харьяа хүүхдийн хорих 411 дүгээр ангийн ойролцоогоос өчигдөр 12.00 цагийн үед олджээ. Иргэн Б.Баяржавхлан фэйсбүүк хуудсандаа тухайн амьтны талаар мэдээлэл оруулснаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан очиж, бор гөрөөсийг авч явжээ.
Тэрбээр “Иргэд хаана, хэнд хандахаа мэдэхгүйгээс цаг алдсан бололтой. Хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн газар зэрлэг амьтан хүлээж авдаггүй, их хэмжээний мөнгө нэхдэг гэсэн” хэмээн ярилаа. Уг амьтныг олоход өрөөсөн эвэр нь угаараа хугарсан, арьс нь энд тэндээ зулгарч, шархалсан байсан гэнэ. Дээрээс нь холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг иртэл бор гөрөөсийг алдчих вий гэсэндээ иргэд хөлийг нь уяагаар чанга тушсанаас цус нь боогдчихсон байжээ.
Амьтанд ямар эмчилгээ, тусламж үзүүлж буй талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Бандиас тодруулахад “Ийм тохиолдолд дур мэдэж ямар нэгэн эмчилгээ хийхээс илүүтэй тухайн амьтныг тайван орчинд байлгах шаардлагатай. Цусан эврээ хугалуулсан гөрөөс амьдрах магадлал тун бага байдаг. Тиймээс тайван орчинд байлгаж, түр хугацаанд ажиглана” гэлээ.
Бор гөрөөс золбин нохдод бариулж гэмтсэн анхны тохиолдол нь энэ биш аж. Тодруулбал, гэмтэж бэртсэн бор гөрөөс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Зайсан орчмоос өмнө нь хэд хэдэн удаа олдож байсан аж.
Нийслэлд эзэнгүй нохой, муур олширсноос иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэж гомдоллох хүн олон. Тэгвэл өдгөө тэд зэрлэг амьтдад ч заналхийлж эхэлжээ. Иргэд “Гэр хороололд жилийн жилд өрнөдөг нохой устгах кампанит ажлыг нийслэлтэй залгаа орших ногоон бүсүүдийн ойролцоох газруудаас эхлэх шаардлагатай” хэмээж байна.