Хаврын хуурайшил эхэлсэнтэй холбоотойгоор ой, хээрийн түймрийн дуудлага нэмэгджээ. Төв аймгийн Баянцогт сумын Бугант толгой гэдэг газар өнгөрсөн баасан гаригт ойн түймэр гарсныг орон нутгийн иргэд уржигдар унтраажээ. Булган аймгийн Сэлэнгэ сумын Рашаан гэх газар хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 32 иргэн, ажиллаж, цурманд оруулсан байна.
Сүхбаатар сумын Шинэбулаг багийн нутагт хээрийн түймэр гарсны улмаас 2х3 км орчим талбай шатжээ. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг, Кувейтын ам гэх газарт өнгөрсөн бямба гаригт түймэр гарч, 60 орчим га талбайг хуйхалжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Богд уулын дархан цаазат газрын долоон ажилтан түймрийг унтрааж, байгаль хамгаалагчид нь хүлээлгэн өгөв.
Он гарснаас хойш улсын хэмжээнд ой, хээрийн түймэр 10 удаа гарчээ. Өнгөрсөн ням гаригт гэхэд Төв аймгийн Сүмбэр суманд ой, хээрийн түймэр хоёр удаа гарсан бөгөөд үүний уршгаар айлын өвөлжөө шатсан аж. Шалтгаан нь цогтой үнс, нурмаа ил задгай асгаснаас болжээ.