Нийслэлийн Засаг дарга С.Батболд Туул гол дагуу өрнөдөг хайрга, дайрганы төлөөх “дайн”-ыг таслан зогсоох шийдвэр гаргаснаа өчигдөр мэдээллээ. Уг “дайны” хөлд Туулын сав газар танигдахын аргагүй болтол өөрчлөгдөж, ухсан нүхээр дүүрчихээд байгаа гэхэд хилсдэхгүй.
Өнгөрсөн онд гэхэд тус газраас 88 аж ахуйн нэгж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсны дөнгөж 14 нь л нөхөн сэргээлт хийсэн гэнэ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хууль бусаар буюу голын хамгаалалтын бүсэд хайрга олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаад ийм зөрчилтэй 70 гаруй компани байгааг тогтоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтээ БОАЖЯ-нд хүргүүлжээ.
Харин хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа буюу голын хамгаалалтын бүсэд халдаагүй 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно гэж мэдээлсэн юм. “Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинэчлэн, 35.206 га талбай гэж тогтоосон. Цаашид энэ бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй.
Одоо ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг үе шаттай зогсооно. Хотын бүтээн байгуулалтад цаашид голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Нийслэлийн худалдан авах ажиллагааны ажлын бүх даалгаварт барилга, замын ажилд зөвхөн уулын дайрга ашиглах талаар тусгаад байна. Бүтээн байгуулагч, худалдан авагч, иргэдэд хандан уулын дайргыг түлхүү хэрэглэхийг нийслэлийн удирдлагуудын зүгээс уриалж байна” гэж хотын дарга хэллээ.