Их, дээд сургуульд элсэх хүсэлтэй, бүрэн дунд боловсрол эзэмшсэн хэн боловч элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагддаг. Уг шалгалтыг анх 2006 оноос авч эхэлсэн. Энэ жил 12 дахь удаагийн шалгалт тохиож, бүртгэл нь энэ сарын 1-нээс эхэлсэн. ЭЕШ-ын бүртгэлийн явц болон бүртгүүлэгчдэд ямар асуудал тулгарч буйг сурвалжлахаар БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвд очлоо.
Энэ жил сургуулиа төгсөх хүүхдүүд мэргэжлээ хэдийнэ сонгосны дээр ямар хичээлээр шалгалт өгөхөө ч төлөвлөчихсөн бололтой. Боловсролын үнэлгээний төвөөс өнөө жил 40 гаруй мянган хүн ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан дүн гаргажээ. Одоогоор бүртгүүлэгчдийн 10 орчим хувь нь цахим мэдээллээ ирүүлж, бүртгэл нь баталгаажаад буй гэнэ.
Өмнөх жилүүдэд нэг и-мэйл хаягнаас олон хүн бүртгүүлэх боломжтой байсан бол энэ жил зөвхөн өөрийн хаягаар л мэдээллээ өгөх ёстой. Уг и-мэйл хаягаараа www.eec.mn цахим хуудаст нэвтэрч, дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой.
Ингэхдээ цахим үнэмлэх, цээж зураг, интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode (Боловсролын үнэлгээний төвийн төлбөрийн хэрэгсэл)-той байхад болох юм байна. Хэрэв хувийн мэдээллээ алдаатай бөглөсөн бол сургуулийн менежер, ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны (www.esis.mn) боловсролын салбарын мэдээллийн системд хандаж, засуулах шаардлагатай.
Мөн хичээл сонголтоо солих, нэмж оруулах бол дээрх цахим хуудсын “шалгуулагчийн булан” цэсэнд нэвтэрч, өөрөө засаж болно. Бүртгүүлэгчдэд тулгамдаж буй асуудлыг Боловсролын үнэлгээний төв цаг тухайд нь шийдэж байгаа ч виза картныхаа интернэт гүйлгээ хийх дөрвөн оронтой нууц дугаарыг мэдэхгүйгээс болж багагүй бэрхшээл тулгарч буй гэнэ. Хэрэв кодоо мэдэхгүй бол тухайн банкны салбарт хандаж, шинээр авах боломжтой.
Мөн бүртгүүлэх явцад ямар нэгэн асуудал үүсвэл тус төвийн 75779498 дугаарын утсанд хандан, шийдүүлэх боломжтой. Түүнчлэн шалгуулагчдад анхааруулахад заасан хугацаа дуусахаас өмнө бүртгүүлэх шаардлагатай юм. Хоцорсон тохиолдолд дахиж бүртгэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.
Ямартай ч ийм асуудал гаргуулахгүйн тулд Боловсролын үнэлгээний төвийнхөн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад, хэрхэн бүртгүүлэх талаар сургалт явуулж байгаа юм билээ.
Энэ жил элсэгчдээс монгол хэлбичгийн шалгалт заавал авна. Ингэхдээ ямар нэгэн хураамж авахгүй бөгөөд босго оноо байхгүй. Бусад хичээлийн шалгалт нэг бүр нь 5800, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай. Нэг батламж хуудсаар хэдэн ч шалгалт өгч болно. Энэ жил Монгол, англи, орос хэлний шалгалтын агуулгад сонсох даалгавар нэмэгдэнэ.
Тиймээс дээрх гурван хичээлийг сонгон, шалгалт өгөх хүүхдүүд сонсох чадвараа сайжруулах хэрэгтэй болж байна. Сонсох даалгавар шалгалтын 80 минутад багтах тул илүү цаг зарцуулахгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ жилээс тусгай ангид дохионы багштай, брайль үсгийн бэлдэц, үсэг томруулах зэрэг арга ашиглан шалгалтаа өгөх боломжтой.
Тиймээс тэд ч мэдээллээ цахим бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өгөх шаардлагатай юм байна.
Шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарь зэргийг баталгаажуулсан хуудсыг бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан энэ оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна. Харин шалгалтад орохдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсролын баримт бичиг, цахим үнэмлэхээ авчрах ёстой.
Монгол хэлбичгийн шалгалтын оноог баталсан хуудсыг шалгуулагч бүрт өгнө. Энэ батламж 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх гэнэ.