Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн ордоос зүүн хойш таван км-ийн зайд 1.5-3.7 магнитуд буюу голомтдоо 2-5 балл, Баянхонгор аймгийн Баянговь сумаас баруун хойш 25 км зайд газар 4.68 магнитуд хүчтэй хөдлөв. Баянговь сумын иргэдэд ямар нэгэн хохирол учраагүй, харин Цогтцэций суманд нэг хоногийн дотор 40 удаа чичирхийлэл мэдэгдсэн тул өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 700 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт газар ийм хүчтэй хөдөлж байгаагүй гэнэ. 1903 оны хоёрдугаар сарын 1-нд тус аймгийн нутагт орших Үнэгтэйд 7.5, 1960 оны арванхоёрдугаар сарын 3-нд Буурын хяр гэх газарт 6.7 магнитуд хүчтэй хөдөлж байсан талаар түүхэнд тэмдэглэжээ. Дээрх хоёр газар Цогтцэций дэх голомтоос зүүн хойш 100 км зайтай аж.
Тиймээс энэ удаагийн газар хөдлөлтийг байгалийнх бус, хүний хүчин зүйлээс шалтгаалсан байж болзошгүй гэж үзэх судлаачид бий. Учир нь хүний нөлөөллөөс болж газар хөдлөх тохиолдол байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 30-нд Польшийн Полковице хот дахь Руднагийн уурхайн орчимд газар 4.5 баллын хүчтэй хөдөлж, хоёр хүн амиа алдан, 20 уурхайчин хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтжээ.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс Өмнөговь аймагт болсон газар хөдлөлтийн талаар тодрууллаа.
-Цогтцэций суманд газар ийм хүчтэй хөдөлж байгаагүй гэдэг үнэн үү?
-Тийм тэмдэглэл байдаггүй. Ойр орчимд нь хагарлын хавтан ч байхгүй.
-Уурхайн үйл ажиллагаанаас болж газар хөдөллөө гэх хүмүүс байна.
-Үүнийг нотлохын тулд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Хачирхалтай нь, зөвхөн багаж л мэдэх боломжтой 1.5 магнитудын чичирхийллийг уурхайн ажилчид мэдсэн байгаа юм. Хагарал гүехэн үүссэн байж болзошгүй.
-Хэчнээн хэмжээний талбайд хагарал үүссэнийг мэдэх боломжтой юу?
-Одоогоор үгүй. Гэхдээ судалгаа хийж, мэдэх боломжтой. Манай оронд ихэвчлэн 10-20 км-ийн гүнд газар хөдөлдөг.
-Хүний үйл ажиллагаанаас шалтгаалж газар хөдөлж болох уу?
-Томоохон хэмжээний усан далан барьсны улмаас газар хөдөлж болно. Уурхайн тэсэлгээнээс ч болох магадлалтай. Тиймээс компаниуд газрын хөдөлгөөн мэдрэгч багаж суурилуулах ёстой. Ийм багажтай байсан бол энэ удаа хэдэн метрийн гүнд хагарал үүссэнийг мэдэх боломжтой байсан гэв.
Дашрамд дурдахад, Монгол орны баруун хэсэг газар хөдлөлийн идэвхтэй бүсэд ордог. Монгол Алтайн нуруу, Хөвсгөл, Говь-Алтай аймаг, Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэрэн сумыг боломжит хүчтэй газар хөдлөлийн голомт хэмээн хяналтдаа байлгадаг аж. Энэ оны эхний хагаст манай улсад газар 20 гаруй мянган удаа хөдөлсөн бөгөөд үүний 36 нь 3.5 буюу түүнээс дээш магнитудын хүчтэй байжээ.