Аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ-ын “Эрдэнэт орон нутгийн хөтөлбөр” хамтран “Нэмүү өртгийн сүлжээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь сүүлийн хоёр жилийн хугацаанд оёдол, сүлжмэл болон нэмүү өртөг шингэсэн хүнсний ногооны бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлд хэрэгжиж байгаа юм. Үүний хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд манай аймагт анх удаа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй оёдол, сүлжмэлийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний загварын шоу боллоо. Энэ үеэр 37 аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн үйлдвэрлэсэн 130 орчим загвараа олны хүртээл болгосон юм.
Аймгийн хэмжээнд оёдлын 60, сүлжмэлийн 20 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Төр захиргааны байгууллагын зүгээс энэ төрлийн үйлдвэр эрхлэгчдийг ямагт бодлогоор дэмжиж ирсэн. Тухайлбал, Аймгийн Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сангийн зээлийн 60 хувийг энэ салбарынханд олгодог аж. Түүнчлэн төрөөс олгогдсон 100 сая төгрөгөөс дээш хэмжээтэй хөнгөлөлттэй зээлд оёдол, сүлжмэлийн үйлдвэрлэл эрхлэгч хоёр ААНБ-ыг хамруулаад байна.
Зээл тусламжаас гадна орон нутагт оёдол, сүлжмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдаа, борлуулалтын цэг ажиллуулахаас гадна тэднийг чадавхжуулах чиглэлд анхаарч байгаа талаар АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн ярьлаа.