Дорнод аймгийн Матад сумын “Петрочайна” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 23 ажилчин хордож дөрвөн хүн нас барсан хэрэг дээр Улаанбаатар хотоос томилогдсон тусгай ажлын хэсэг ажиллаж байна. 20 гаруй хүн хордож дөрвөн хүн нас барахад нөлөөлсөн бодисыг тус компанид гадны иргэн нийлүүлжээ. Хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй 5 литрийн савтай, 3 ширхэг метилийн спирт оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдож хэргээ хүлээсэн байна. Хордсон иргэдэд хийсэн шинжилгээгээр техникийн спиртийн хордлого гэсэн онош гарчээ. Үүнд нь этил, метил болон бусад техникийн цэвэрлэгээнд ашигладаг бодисууд орсон байдаг байна. Лаборторийн шинжилгээний дүн, хордсон иргэдийн эмнэлзүйн шинж тэмдэгтэй таарч байгааг ЭМЯ-ны Хордлого судлалын ерөнхий мэргэжилтэн доктор, профессор С.Юндэн хэллээ. Хордсон ажилчид анх ирэхдээ хараа бүдгэрсэн, хавантай байжээ. Харин одоо биеийн байдал нь харьцангуй дээрдэж Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа 2 иргэний бие тогтвортой хүндэвтэр, 3 нь дунд гэсэн байдалд шилжжээ. Харин үлдсэн иргэдийн хувьд ерөнхий эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Яг одоо цус цэвэршүүлэх, хоргүйжүүлэх эрчимт эмчилгээ хийгдэж байна. Хордлогын голомт намжсан мэдээллийг албаныхан хэлж байна гэж тв5 телевизээс мэдээллээ.