Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, доктор Т.Мэндсайхан өнөөдөр Булган аймагт ажиллаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсгийн албан томилолт Сэлэнгэ аймгаас эхэлсэн. Ажлын хэсэг өчигдөр Дархан-Уул, Орхон аймгийн шүүхэд ажилласан билээ.
Булган аймаг 16 сум, 44 орчим мянган хүн амтай. Булган хотод 17 мянган хүн амьдран суудаг юм. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сум дундын захиргааны хэргийн анхан шатны шүүх тус бүр гурван шүүгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх арваннэгдүгээр сарын байдлаар 576 хэрэг хүлээн авснаас хялбаршуулсан журмаар 262, шүүх хуралдаанаар 314 хэргийг шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 57 хэрэг байгааг танилцууллаа.
Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч 406 өргөдөл хүлээн авснаас 224 хэргийн зуучлал амжилттай явагджээ.
Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 118 хэрэг хүлээн авч шийдвэрлэжээ. Сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүх 21 хэрэг шийдвэрлэсэн гэдэг танилцуулгыг Тамгын газрын дарга танилцуулсан юм.
Одоогийн байдлаар иргэдийн төлөөлөгчөөр 41 хүн шүүх хуралдаанд оролцжээ. Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоход замын зардлыг улсаас өгдөггүй. Аймгийн төвөөс 260 гаруй км хол сумаас ирдэг хүмүүс замын зардлаа өөрсдөө гаргаж шүүх хуралдаанд оролцоход хүндрэлтэй. Тиймээс шүүх дотооддоо зохицуулж зардлыг нь өгдөг. Цаашид ч энэ хэвээр байвал хүндрэлтэй байгааг танилцуулж байлаа. Иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй байдлаар сонгодог. Сонгогдсон иргэдээс цөөн тооны хүмүүс бичиг үсэг мэдэхгүй байна гэсэн мэдээлэл анхаарал татаж байлаа.
Булган аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дотоод зохион байгуулалт сайн байна гэдэг дүгнэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас авлаа. Тус шүүх нь шүүхийн ажилтны ёс зүй, харилцааны соёл, хувцаслалтад тавигдах шаардлагын стандартын төслийг дотооддоо боловсруулж Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн Булган аймаг дахь салбар хэлтсээр батлуулжээ. Хувцаслалт, ёс зүй, харилцаа хандлагын стандарт тогтоосон нь жишиг болохуйц байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцоллоо.
Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 14 хоног тутамд дотоод сургалт зохион байгуулдаг аж. Тодорхой сэдвээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд бэлтгэж бусаддаа хичээл зааж байгаад олзуурхаж байгаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга илэрхийлсэн юм. АХА тэмцээн зохион байгуулах, тестийн шалгалт авах зэргээр бие, биедээ заасан хичээлээ бататгадаг аж.
Үүнээс гадна Булган аймгийн шүүх иргэд, олон нийт рүү чиглэсэн багагүй ажил зохион байгуулснаа танилцууллаа. Шүүхийн хамт олон 16600 иргэнтэй уулзаж шүүхийн шинэтгэл, үйлчилгээний талаар танилцуулга хийжээ. Мөн тус шүүхийн вэб сайт хандалт ихтэй, мэдээлэл сайтай байгаа нь анзаарагдсан юм. Энэ жил 650 гаруй мэдээлэл сайтдаа оруулсан бөгөөд өдөрт 200-300 хүн тогтмол ханддаг байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзахдаа шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ. Тэрбээр "Танай аймгийн шүүхэд анх удаа ирж байна. Иргэд үйлчлүүлэхэд сэтгэл ханамжтай байх орчинг бүрдүүлжээ. Булганы шүүхээс "Эзний менежмент” харагдаж байна. "Эзний менежмент”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа Тамгын газрын дарга Б.Дөлгөөнболдод талархал илэрхийлье. Шүүхэд сайхан соёл бүрджээ. Хамтарч хөгжих гэж эрмэлзэж байгаа нь сайхан санагдлаа. Мөн "Дресс код” хэрэгжүүлэхээр санаачилгатай ажил эхлүүлсэн байна. Биеэ авч яваа соёл нь тухайн хүнийг үнэлэх эхний үнэлгээ болдог. Энэ мэт сайн ажлын эхлэл танайхаас харагдаж байна. Энэ хүрсэн түвшингээ улам бүр боловсронгуй болгох ёстой” гэлээ. Мөн шүүхийн шинэтгэлийн ажлаа улам бүр гүнзгийрүүлж, олон нийтэд сурталчилан таниулж байхыг мөн захилаа.
Булган аймгийн шүүх 16 суманд шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг. Томилолтоор сум, орон нутаг руу явах шаардлага ихтэй. Гэтэл нэг жолоочтой бэрхшээл байгааг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч яриад жолоочийн орон тоо нэмэхийг хүсч байлаа. Мөн шүүхийн захиргааны ажилтнуудыг гадаад сургалтад хамруулж өгөхийг Тамгын газрын дарга хүслээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан томилолт Булган аймгийн иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилнэ.