Өнгөрсөн баасан гаригт болсон 50 км зайн спорт алхааны эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн рекорд эзэмшдэг Францын Йоанн Дини ойролцоогоор 15 км замд суулгалт өгч, чацага алдсан ч эр хүний тэвчээр, их спортын тэсвэр хатуужлыг харуулж, уралдаанаа дуусгасан байна. Энэ төрөлд Словакийн Матей Тот 3:40:58 цагийн амжилтаар олимпийн аварга болсон. Түүний ард Лондоны олимпийн аварга, Австралийн Жаред Таллент 18 секундээр хоцорч, олимпийн дөрөв дэх медалиа хүртсэн бол Японы тамирчин Хирооки Арай хүрэл медалийн болзол хангажээ. Харин хоёр жилийн өмнө 3:32:33 цагт уралдаанаа дуусгаж, дэлхийн рекорд тогтоож байсан Францын Йоанн Динигийн хувьд 3:46:43 цагт барианд орж, наймдугаар байрт орсон юм.
Хэдийгээр уралдааны үеэр нэрт тамирчин суулгалт өгч, олны анхаарлыг татсан үйл явдал болсон ч энэ нь холын зайн гүйгч, спорт алхааны төрөлд хүч сорьдог тамирчдын хувьд гайхаад байх зүйл биш. Судалгаагаар нийт тамирчдын 71 хувь нь тэмцээний үеэр суулгалт өгч байжээ. Хүн олон цаг гүйж, алхахад суулгалт өгдөг эцсийн шалтгааныг эрдэмтэд олоогүй яваа. Гэхдээ огцом хөдөлгөөн хийх үед хоол боловсруулах системд сөрөг нөлөө үзүүлж, улмаар суулгалт өгдөг байж болох аж. Мөн хүний бие дэх цусны урсгал буурч, гэдэсний дааврын шүүрэл болон стресст орох үеэр хэвлийн булчин суларч, улмаар суулгалт болдог гэсэн таамаглал бий юм.
Тамирчид уралдааны үеэр суулгалт өгөхөөс зайлсхийж, хоол хүнсээ тохируулах шаардлага гардаг. Тэд уралдаан болохоос нэг хоногийн өмнө хоолоо тохируулж, ялангуяа үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс татгалзах шаардлагатай. Мөн цусан дахь сахарын хэмжээг тааруулж, өөх ихтэй хүнснээс татгалздаг. Уралдаан болохоос хоёр цагийн өмнө ямар ч хүнсний бүтээгдэхүүн идэх ёсгүй юм.