Риогийн олимпийн 10 метрийн платформ төрөлд БНХАУ-ын тамирчин Рен Ши түрүүллээ. Ингэснээр 15 настай энэ охин Бразилд болж буй олимпийн хамгийн залуу аваргаар тодорсон байна. Тэрбээр энэ төрөлд нэг багийн хамтрагч 17 настай Ие Сижинийг ялж, алтан медалийн эзэн болжээ. Рен нийт 439.25 оноогоор тэргүүлсэн бол Ие Сижин 419.40 оноогоор удаалжээ. Тэдний хамт Канадын Меган Бенфейто 389.20 оноогоор шагналын тавцанд гарч, хүрэл медаль хүртлээ.
Олимпийн аварга Рен 8.5-аас бага оноо аваагүй. Түүнчлэн сүүлийн хоёр үсрэлтээ төгс гүйцэтгэж, 10 оноо авснаар аваргалах замаа зассан юм. Түүний өрсөлдөгч Сижин урьдчилсан болон хагас шигшээд хамгийн өндөр оноо авсан ч шийдвэрлэх мөчид 7-8 оноо авснаар мөнгөн медалийн болзол хангасан.
Ийнхүү хятадын усанд үсрэгчид одоогоор усанд үсрэлтийн долоон төрлөөс зургаад нь аваргалаад байна. Энэ төрлийн хамгийн сүүлийн тулаан эрчүүдийн платформ төрөлд болно. Хэрвээ хятад эрчүүд энд түрүүлж чадвал Бээжингийн олимпод үзүүлсэн амжилтаа давтах боломжтой юм.