Риогийн олимпийн наадмын зургаа дахь өдөр манай тамирчдын хуваарийг хүргэж байна.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч үзэх олимпийн алт, мөнгөн медальт Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр барилдана. Тэрбээр А хэсэгт барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарав. Манай аваргын хэсгийг Азербайжаны Элмар Гасимов тэргүүлэх аж. Мөн тус хэсэгт 2012 оны олимпийн аварга ОХУ-ын Тагир Хайбулаев багтжээ.
Эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд зодоглоно. Манай бөх мөн "А" хэсэгт барилдах бөгөөд эхний тойрогт Унгарын Жо Абигелтэй хүч үзнэ. Түүнийг ялвал Японы Мами Үмекитэй барилдах юм.
Эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгалд Г.Нандинзаяа цэц сорино.
Боксын эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Түвшинбат хоёр дахь тулаанаа хийнэ. Тэрбээр эхний тойрогт Аргентиний П.Албертог 3:0-ээр ялсан юм. Одоо манай тулаанч Стевен Доннеллитэй өрсөлдөх юм. Түүнийг ялвал шөвгийн наймд үлдэж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.
Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрт манай Б.Дөлгөөн өрсөлдөх билээ.